Мундагуудын хийдэг Монголын сэтгүүл зүйн тухай сурсан мэдсэнээр маруухан “шиноков” сэтгүүлчийн бодол

Монголын сэтгүүл зүй хүндээр “өвчилж”, гоц халдварт “нян” тээснийг “мундагууд” ч “мунхагууд” ч хэлэх болсон. Нэгэнт өвдөж хавдсан бол одоо анагааж, эдгээх цаг нь ирсэн л байх учиртай.

Интернэтээс эхлээд техник технологийн дэвшил энгийн хүний хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байхад захын нэг уншигч мань мэт шиг боловсорч гүйцээгүй сэтгүүлчдийн дэргэд хамаагүй “хүчирхэг” болж. Жаахан харамсалтай ч бяцхан алдааныхаа төлөө зүсэн зүйлээрээ хараалгаж, өнөөгийн Монголын сэтгүүл зүйн тухай, өнөөгийн Монголын сэтгүүлчдийн тухай оюутны ширээнд ч сонсож байгаагүй том лекц уншуулана гэдэг миний мэтийн “шинэков”-уудын хувьд энгийн үзэгдэл.

Мэдээж хариуцлагагүй бидэнд үг хаяж, дорд үзэх уншигчдаа буруутгах аргагүй юм л даа. Харин түүний оронд “мундаг” хүмүүст хааяа бяцхан гомдох юм. “...Аль ч сонины редакц мэргэжлийн гэж хэлж болох боловсон хүчний гамшигт нэрвэгдээд байгаа....” хэмээн нэг “том” сэтгүүлч бичсэн байна билээ. Үнэн үү гэвэл энэн шиг үнэн хаа ч байхгүй. Гэтэл яг араас нь бас нэг ийм баримт дэлгэсэн байна л даа. “…Монголд сэтгүүлч бэлтгэдэг 20 гаруй сургууль байдаг, жил бүр 400-500 "сэтгүүлчийг" "үйлдвэрлэж" байдаг ч тоотой хэдхэн редакцууд жинхэнэ боловсон хүчнээр хомсодсон хэвээр…” гэж. Яг үүнийг л хүн бүр монголын сэтгүүл зүйн нэр хүндийг шороотой хутгах гарцаагүй хүчин зүйл гэж үздэг. Үүнтэй маргах аргагүй юм. Тэр чанаргүй боловсон хүчнүүдийг зуу зуугаар нь үйлдвэрлэдэг “халтуурны” сургуулиудын “гавъяа” ч энд их.

Гэхдээ тэр чадваргүй сэхээтнүүдийн бэлтгэсэн чанаргүй сэтгүүлчид л монголын сэтгүүл зүйг өнгөлөх үү зүлгэх үү, уруудуулах уу унагах уу гэдгийг шийдэж байна гэдэг өөрөө хачирхалтай зүйл. Энэ бол зүгээр л Монголын сэтгүүл зүй ингэтлээ хүчээ алдаж, тамираа барсан байгааг харуулахгүй байна гэж үү? Хэн нэгэн мөнгөтэй, мэдэлтэй эрхмийн эрх ашгаас ангид байж, үзэл бодол, байр суурин дээрээ баттай зогсон, зөв зүйтэй гэж бодсоны үндсэн дээр үнэн шударга нэгдсэн нэг журам, зарчмаар ажиллаж, шинэ залуу үеэ тийн хүмүүжүүлж чадахгүй, дөнгөж оюутны ширээнээс гарсан залуу сэтгүүлчдийн буруу зөрүү үйлдлийн аясаар ганхаж, гуйвж, унан тусан, шараа болж байгаа нь тэднийг өлгийдөн авч байгаа монголын сэтгүүл зүй хийгээд түүнийг үйлдвэрлэгч туршлагатай сэтгүүлчдийн хариуцлагагүйнх.

Битгий өөрийнхөө бурууг өрөөлөөс эр гэх хүн байж болох л доо. Өөрийнхөө алдааг өрөөлөөс хайх шиг муухай зүйл хаана байхав. Гэхдээ л “...Өнөөдөр нийтлэлийн чанар хэмээх ойлголт тоогоор, чанартай сэтгүүл зүй чанаргүй буюу шар сэтгүүл зүйгээр, хариуцлагатай сэтгүүл зүй хариуцлагагүй сэтгүүл зүйгээр, ёс зүйтэй сэтгүүлч ёс зүйгүй сэтгүүлчээр, саарал магтаал хов жив, гүжир гүтгэлгээр, бодит мэдээлэл сенсаац, туйлшралаар, гэгээтэй гэрэлтэй нийтлэл, нэвтрүүлэг захиалгат материалаар, ур чадвар сэтгэлийн хөөрөл, сэтгэхүйн ядуурлаар солигдож, ХМХ болгон, сэтгүүлч бүр олон нийтийн сэтгэхүйгээр тоглож, мэдээлэл болгоныг зоосны нүхээр, ашиг орлогын хэмжүүрээр хардаг болов. Сэтгүүлчид тулга тойрсон хэдэн сэдвийн хүрээнд эргэлдэж, аар саар аахар шаахар зүйлийн араас хөөцөлдөж, бичлэгийн нэг л өнгө аяс хэв загварт баригдан, хэмжээ нь жижиг бол мэдээ гэж, асуулт хариулт орсон бол ярилцлага гэж, бичлэгийн төрлүүдийг хольж хутгасан бол эргэцүүлэл хэмээн андуурч, бичлэгийн хэдэн зүйлийн хүрээнээс хальж чадахаа байсан нь заримдаа “галзуу хүний тэмдэглэл” уншихад хүргэж байна...” гэдэг үгтэй санал нийлэхгүй байхын арга алга. Ийм л нөхцөл байдал бидний хэдэн “шинэков”-уудыг хүмүүжүүлж байна. Харамсалтай нь...

Мэдээж надад алдаа, дутагдал их бий. Гэхдээ би хэнийг харж засаж залруулахаа мэдэхгүй байна. Тиймээ даган дуурайж, үлгэрлэн жишээ авах хүн хангалттай олон биш байна гэвэл намайг хэтэрхий “том” зан гаргалаа гэх байх.
Басхүү надаас хавьгүй ухаантай уншигчдын бодит мэдээлэл хүртэх гэдэг ганцхан эрх ашигт тааруулж ажиллах ёстойгоо би хангалттай сайн сурсан. Гэтэл ядаж “хаана” хэрэгжүүлэхээ мэдэхгүй байна. Магад бас миний л алдаа байх...

Цааш...

Хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй болгох аюултай

Интернэтийн хязгааргүй эрх чөлөөт орчинд хэн хаана юугаа үзээд, юугаа бичээд явах нь эрх чөлөөтэй ардчилсан зүйл ээ. Өнөөдөр миний Монголын олон олон сайхан блогуудын нэгээр нь зочилж нэлээдгүй урт нийтлэл уншлаа. Угтаа бол агуулга санаа нь их дажгүй юм. Харин уншиж дуусаад хэлээ урагш, хойш, дээш, доош нь хөдөлгөж дасгал хийн амраах хэрэг гарлаа. Хэндээ эрхлээд хэний хэлийг бузарлаад байгаа гарууд вэ? тэр хэн нэгэнд эрхлэн бичсэн үг хэллэгийг нь чанга дуугаар уншъя гэвэл хэлээ хөдөлгөх шаардлага бараг алга "Сээн бээн оо?" гэж ирээд л эхлэнэ дээ. Магад өөрсдөө алба уу чи, хэн чамайг орж ирж унш гээв? гэж ирээд л хэрүүл уруул хийх байх л даа. Тиймээ энэ үнэн, "Сонсохыг хориглоно" цомогтой адилаар тэр хэлгий блогуудыг унших алба байхгүй л дээ. Аа гэхдээ надаас бусад нь ороод л уншина, үлгэр дуурайлал авна. Миний Бидний аялгуу сайхан Монгол хэлийг ингэж алах хэрэг байна уу даа. Ямартай ч хэн нэгэнд нь сэрэмжлүүлэг өгөх үүднээс өөрийн мэдэх орвоос хэл ярианы болон бичгийн чадварт тань хор уршиг үзүүлэх магадлалтай блогуудыг жагсаан бичлээ.

http://iamyours.blog.gogo.mn/
http://hiko.blog.gogo.mn/
http://galaxy.blog.gogo.mn/
http://negzuunnaya.blog.gogo.mn/
http://whatever.blog.gogo.mn/
http://aurora.blog.gogo.mn/
http://gump.blog.banjig.net/
........
гэх мэт дараа нэмнээ

(Би өөрөө алдаатай бичдэг л дээ гэхдээ эх хэлээ завхаруулахгүй зөв бичихийг хичээдэг.)
Цааш...

Өршөөлөө хайрлаач ерөнхийлөгчөө тэгвэл өөрт чинь саналаа өгье

Гадуур бөөн л ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал, ард түмэн галзуу юм шиг л улс төржиж байна. Өнөө өглөө зам дагаад баахан шар өмсгөлтэй охид зогсчихсон, хөөрхөн “мессеж” өргөөд байхаар нь юу юм бол гэж бодож байсан чинь цамцныхаа ард “№1” гээд биччихэж. Алиа юм эсвэл хөөрхөн ч юм уу? Тэгсэн өчигдөр “Ардчилагчийг тат”, “Авилгачийг түлх” гэсэн наалт байр болгоны хаалган дээр наачихсан байсан. Ёстой сэтгэж чадаж байна аа эд нар. Энэ мэтчилэн сонгуулийн уур амьсгал, нэр дэвшигчдийн сурталчилгааг хараад заримдаа инээд хүрч, заримдаа эгдүүцэл төрөх юм. Улайм цайм улайрч байна даа хөөрхийс.

За ямартай ч сонгууль болдогоороо л болно. Ард түмэн дуртай дургүй ч “алиалагч”-дын аль нэг сонгогдох л байх. Харин бид энд сонгуулийн тухай ярих гэсэнгүй. Эрх мэдлийн төлөө улайрсан хэдэн улс төрчдөөс болж “Манай үеийн буруугүй буруутнууд” болж хувиран, амьдын хагацал үзээд байгаа хэдэн залуусын тухай өгүүлэх гэсэн юм. Эрх нь зөрчигдсөн энэ залуусыг өмгөөлж өөр бусаддаа уриалах гэсэн юм. Эрхээ зөрчүүлсэн эдгээр хүмүүсийг золиосолсон эрх мэдэлтнүүдэд дахин нэг сануулах гэсэн юм.

Өнөө өглөөний сонин дээр үймээний хэргээр хүндэдсэн (хэт) ял сонссон нэг хүүгийн ээж ярилцлага өгчээ. Амьдын хагацал үзэн, өнчирч байгаа бидний зовлонг эрх мэдэлтнүүд даанч ойлгохгүй байна гэж аргаа барсан эх ярьж байна. Тэр эхийн, түүний хүүгийн, бидний, миний ч гэсэн хамгийн сүүлчийн найдвар уг нь ингэж их “шоу”-даад, гайхуулаад байгаа ерөнхийлөгчийн сонгууль л байсан юмсан. Юу гэх гээд байгааг минь бараг гадарлаж байгаа байх. 2008-7-1. Парламентын сонгуулийн үр дүнгээс үүдсэн эсэргүүцэл, цуглаан эцэстээ олон зуун залуусыг шоронд хатааж, олон арван цагдаа хүчнийхэнийг бэртээж, гэмтээж хамгийн харамсалтай нь 5 монгол хүн алтан амиа алдсан эмгэнэлт өдөр. Гэхдээ болоогүй ээ хамгийн том үр дүн нь Монгол улсад шударга ёс, хууль дүрэм хэрхэн алдарсаны, урвалт шарвалт, амиа хоохоолохын бодит жишээний тод томруун гэрч болсон. Золиосонд нь ямар олон сайхан Монгол хөвгүүд шоронгийн хаалга татаж, намтарын түүхнээ хар толбо үлдээв. Харамсалтай, эмгэнэлтэй, даанч жигшүүртэй.

Хэсэгтээ шуугиж байгаад өнгөрсөн энэ үйл явдлын талаар дурсах хүмүүс нь дурсаж, бусад нь бараг мартаж орхиж. Гэхдээ л хүн болгон ерөнхийлөгчийн сонгуулиар л өршөөлийн хууль батлагдаж, 7-1-ний үймээний хэрэгтнүүдэд “хүндэт” ерөнхийлөгч хайр энэрлээ үзүүлэх байх хэмээн таамаглаж байсан. Харамсалтай нь үгүй бололтой. “Өгөөмөр” ерөнхийлөгчийнхөө өршөөлийг хүлээн олон монгол залуус гэмгүй шахуу байж ялтны амьдралаар амьдарч байхад мань ерөнхийлөгч хүний хаясан бохь дээр л “шоу”-даад байх юм. Илүү ач холбогдолтой, илүү цар хүрээтэй зүйл хий л дээ. Үгүй ядахнаа хүний “магнай тэнийлгэх” хүсэлгүй юм бол таван хүний амь нас, англи, монгол “dictionary” авч зугтсныхаа төлөө долоон жилийн ял сонсоод байгаа хөөрхий хүүгийн өмнө өөрийгөө буруутайд бодоод тэр өршөөл энэрлээ үзүүлж болохгүй гэж үү? ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ!!!
Би болж байвал бусад нь яахав гэж боддоггүй өрөвч, зөөлөн монгол сэтгэлтнүүддээ бас уриалмаар байна. Өөрөө өршөөл гуйхаа байг зүгээр л тэр өршөөлөө үзүүлээд аль гээд шаардаад өгөөч МОНГОЛЧУУДАА!!!

Таны намын байшин шатаа л биз, үүнээс илүү зүйл болдог л юм. Энэ чинь улс орон. Харин таны хувийн өш хонзонгоо (намын байр шатсан) авах зорилгоор хамгийн халуун, залуу насыг нь хулгайлж, хумсалж буй байшин шатаасан залуус чинь 10 жилийн дараа улсаа устгах “мина” болоод гараад ирэх вий дээ! Яг үнэндээ байшин шатаасан ч юм уу даа? Таны байшинг хамгаалаад байсан цагдаа нар чинь шилтэй юм тэсэлж, дэлбэлээд байсан бичлэг, энэ тэр гадуур байдаг л юм гэнэ билээ. Хэн нь хэнийгээ хохироосон гэх үү? Үнэхээр тийм бол хэн нь хэнийгээ шийтгэж байгаа хэрэг юм бол? Ер нь ерөнхийлөгч өршөөл үзүүлэх ёстой юм уу? өршөөл гуйх ёстой юм уу? Та онц байдал гэдэг “хогийн юм” зарлаагүй бол бид бие биерүүгээ арай л буу шагайхгүй байсан даа. За тэр яахав одоо чухал биш. Гол нь яллагдах ёсгүй ялтанууддаа л өршөөлөө хайрлаач нэр дэвшигч ээ. Оронд нь та ЯЛ.
Цааш...

Өмнө зүгт хэн буйг өдөр бүр санаж явъя

Холын гийчнийг хоймортоо залаад, байгаа болгоноо барьж, бүлээн дулаанаар зочлох ёсон бидэнд байдаг. Харин тэр хүндэт гийчин халуун сэтгэлийг маань авчихаад арай хэтэрхий ахиад байгаа юм биш биз. Аягатай хоол руу минь өнгийгөөд зогсохгүй амьны үнэтэй газар шороонд минь шүлсээ гоожуулж, алтан ургийн удмын цусыг бузарлаад үр хүүхэддээ үлдээх үнэ цэнэтэй бүхнийг минь үгүй болгоод байвал даварчихсан “хонц”-ыг төрхөмд нь буцаах эрх бас бидэнд бий л баймаарсан.

“Нэгэнтээ их эзэн хаан маань Өмнө зүгт Тангуд бийг өглөө бүр сануулж бай” гэснийг бид одоо ч мартаагүй байгаа. Тийм ахул тэнгэрлэг Монголчууд минь тэсхийн аргагүй дургүйцэл төрүүлсэн тэр “хужаа нар”-ыг одоо хоймортоо бус хатавчиндаа байлга. Тэд уг нь тийм л байсан.

Аль ч улс орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа цагаач иргэдийн тоог нийт хүн амынхаа 0,5 хувиас хэзээд хэтрүүлэхгүй байх бодлого баримталдаг. Манайд бол үгүй юм шиг ээ. Монгол улсад хууль ёсны 10 гаруй мянган хятад иргэн байдаг гэхдээ энэ бол ердөө л цаасан дээрх тоо. Бүртгэлгүй, хууль бус хятад ажилчдын тоо хэрээс хэтэрснийг хүмүүс надаар хэлүүлээд байхгүй мэдэж байгаа биз. Дээрээс нь ямар ч улсад гадаадын ажилчид нутгийн иргэдээс нь бага цалин авах нь зүйн хэрэг. Гэтэл манайд барилга дээр ажиллаж буй Хятад туслах ажилчид эх орондоо амьдарч байгаа Монголчуудаас маань гурав дахин илүү цалин авдаг аж. Яг эсрэгээрээ байгаа биз. Сонирхолтой нь томоохон компаниуд илүү цалин амлан байж хүмүүжилгүй муу сайн “хужаа нар”-ыг бөөн бөөнөөр нь авчирдаг шалтгаан цаанаа нэг учиртай гэнэ шүү. Тэд өөрсдөө Хятад иргэдийг хууль бусаар “ачиж” ирж ажилуулчихаад цалингаа өгөлгүй цагдаад мэдээлчихдэг аж. Оронд нь гадны ажилчдыг хараар ажилуулж байсан гээд нэг сая төгрөгний торгууль хүлээх нь мэдээж ашигтай. Яг ийм “хужаа” санаатай хөрөнгөтнүүдийн гайгаар Монголд орж ирсэн урд хөшийнхөн эх оронд маань ямар их гай тарьдаг билээ дээ. Ундны усны суваг руу химийн бодис хийчихнэ, нийслэлд маань хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй мөнгөн ус асгачихна, айлууд дунд хүхэр шатааж, хүн амьтан хордооно, хоолны газартаа хөөрхөн Монгол хүүхэд зарцалчихаад цалинг нь өгөхгүй дарамтална, тэр ч битгий хэл оюутан охиноор хана өрж байсан тэдэнд энэ улсад хууль байдаггүй гээд хэн нэгэн ойлгуулчихсан юм биш биз.
Яг л Монгол залуус Америк мөрөөдөлд автан гадагшаа бэлчиж байгаа шиг одоо ч гэсэн гаднаас ажиллах хүч нэртэй өмнөд хөршийн дотор санаатнууд эх орон руу маань биднээр зүхүүлэн хараалган байж цувсаар л.

Хоёр их гүрний хажуу бөөрөнд наалдсан дэлүү аятай хөөрхий Монгол минь. Үнэндээ бид “бүү давар хужаа нараа” гэж дуулдаг ч тэр даварчихсан хөршөөсөө хамааралгүй амьдарч даанч чадахгүй юм даа. Хойд хөршөөсөө эрчим хүч, шатахуун хоёроороо хөдөлхөө хориулдаг бид урд хөршөөрөө өдөр тутмын өргөн хэрэглээний барааныхаа 80 хувийг хангуулдаг гэж байгаа. Харамсалтай нь Эрээн хилээ долоо хоног хаачихад л бид турж үхнэ гэсэн үг. Яах аргагүй хортой өттэй хоолыг нь идэж, хөвөрчихсөн урагдчихсан цамцыг нь өмсдөгөөс хойш их зан гаргахад ч бас ичмээр. Гэхдээ л доошоо хараад дорой дуугараад явбал толгой цустах л нөхдүүд дээ цаадуул чинь.

Их Монгол улсыг эзэрхэг хүчирхэг явахад бидний өлмий доор биеэ хурааж байсан тэд одоо барсын хүчээр босож байна. Хажууд байсан улсаа өнгөрсөн 30 гаруйхан жилийн дотор дэлхийн эдийн засгийг тодорхойлохуйц хүчирхэг болсныг бид мэдсэнгүй юу аль эсвэл мэдсэн ч зүгээр л тогоон дотроо төмбөлзсөөр үлдчихэв үү? Тэднийг ажиллаж байхад бид дэргэд нь юу ч бүтээсэнгүй ядаж тэднээс юу ч сурч чадсангүй. Хятад улс дэлхийд цементийн 40, компютер аппарат DVD гээд цахилгаан барааны зах зээлийн 50 орчим хувийг эзэлж байна Түүгээр ч барахгүй өнгө үзэмж сайтай бас тэгээд боломжийн үнэтэй бэлэн хувцас, гэр ахуйн бараагаараа олон улсад нэгэнт байр сууриа олчихсон. Харамсалтай нь хайрт хөршүүд маань их үйлдвэрлэлийнхээ “хорогдол”-оор биднийгээ хөөрхөөн тэжээгээд байгааг манайхан хардаг ч бяраа мэдээд тэвчээд л байгаа хэрэг. Үнэндээ өгсөн үнэд маань тааруулан манайхны хэрэглэдэг хямд барааг зөвхөн бидэнд зориулан үйлдвэрлэдэг тусгай бүлэг байдаг гэсэн шүү. Угаас бид урд хөршийнхнийгөө “хоёр гартай” хүмүүс гэж хэзээнээсээ ярьсаар ирсэн дээ. Нөхцөл байдал тэднийг бидэнд аль гараа зориулаад байгаас бэлхнээ харуулж байна. Уг нь “айл хүний амь нэг” гэдэгсэн. Мэдээж Хятад ардын зүйр үгэнд өөр байдаг байх л даа.

“… Гонконг, Макао, Тайваний дараа Монголыг Хятадад нэгтгэ” гэж хэн нь хэндээ гэрээсэлж байсан гэдэг билээ байз. Ямартай ч цаг ямагт газар нутаг руу минь өлөлзөж байгаа тэд одоо ч хэвээрээ. Монголын нутгийг газрын зургандаа оруулаад зурчихна, Хубилай Чингис хаануудыг маань Хятадын үндэсний баатрууд болгочихно, манай түүхийг өмчилж, бид нэг гэр бүл гэж саймширна. Энэ арай биш ээ. Аз болоход Монголчууд угаасаа хятад гэхээр харшилдаг. Тэгээд болоогүй жил бүр газрын зургаа шинэчилж зурахдаа биднээс хумслан, см, см-ээр нь ахиулан зурна. Тэд ер нь увайгүй гэж дуудуулхаасаа ч ичихгүй хэтэрхий шийдчихсэн хулгайчид юм аа. Одоо байчихаад Монгол төрийг Хятад цусаар эрлийзжүүлж эхэллээ. Энэ бол ёстой аюулын харанга. Хэрэв үнэн бол манай төрийн түшээдийн дотор байгаа хятадын эрлийз, хурлийз бидэнд мэдэгдэлгүйгээр том тоонд хүрсэн байна билээ. Хамгийн аймаар нь хятад цус долоон үеийн дараа ч генээ хадгалж, яг л жоом шиг эргээд цэвэршин амьдраад байдаг гэж байгаа юм даа. Жихүүдэс хүрмээр байгаа биз. Энэ харин үнэн гэдгийг Америк, Японы эрдэмтэд судлаад тогтоочихсон. 1990-ээд оны үед Америкийн төрийн нууц 24 цагийн дотор л Бээжинд алдагдчихаад байж л дээ. Холбогдох газрууд нь шалгаад үзэх нь ээ харин хэдэн үеэрээ Америкийн иргэн болсон Хятад гаралтай нөхдүүд нууцыг задруулаад байсан байгаа юм даа. Айхтар эх орончид шүү. Ийм л нөхдүүд аль эх орноо хөгжүүлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй Монгол төрд бий болчихоод байна. Хийж байгааг нь харвал урд зүгрүү чиглэсэн бодлого явуулаад байж магадгүй л “гар”-ууд даа.

Хөрш бол хөрш. “Харшил хөдлөөд” гээд нүүгээд явчихаж чадахгүй ч хөгжиж байгаа юм чинь гээд дагаж далдаганаад, үүдээ нээн, өвөр түрийндээ орчихож болохгүй. Ямагт тусгаар улсынхаа бодлогыг чанд сахиж мөнхийн эрх ашгаа хамгаалж явах ёстой. Бид уг нь агуу том түүхтэй юмсан. Харин одоо зүүрмэглэж байгаа бололтой. Мөдхөн сэрнэ биз ээ.
Цааш...

Метрополис хотод метро л хэрэгтэй байна

Нийслэл маань хэдийн сая гарсан иргэнтэй их хот болсон ч анхнаасаа нэг сая хүн,100000 мянган машинтай байхаар төлөвлөгдөөгүй нь харамсалтай. Тиймээс л бид өглөө бүр хөлдөж үхэх дөхөн хүлээж байж, салж унах гэж байгаа автобусандаа чихэж аваад, ууртай кондуктарт аашлуулан, өөр хоорондоо зодолдох шахам явдаг. Энэ бүхэн дэргэд нь юу ч биш хамгийн том гамшиг бол алтан цагийг минь даанч их хулгайлж байгаа замын түгжрэл гэгч.
Их хотдоо эзний ёсоор амьдрахын тулд эдгээр асуудлуудыг юун түрүүнд шийдэх цаг болжээ. Гэвч яаж?

Нэгэнт бий болсон хүмүүсийн бөөгнөрөл, хотын төвлөрөлийг бид одоо яаж ч чадахгүй. Ямар 500000 иргэнтэй байх ёстой гээд бие биенийгээ хажиглаад суултай биш. Дэлхийн ямар ч хотууд энэ асуудлыг тойрч биш дайрч л гарсан байдаг. Биднээс ялгаатай нь тэд нэлээд эрт ухаараад асуудлыг шийдчихсэн байх юм.

Нийтийн тээврийн энэ олон асуудлыг нэг мөсөн шийдэхийн тулд бусад хотуудад жишиг болсон “Метро” хэмээх унаа бидэнд хэрэгтэй байна. Нүхэн замын энэ тээврийн хэрэгсэл анх 1868 онд Лондон хотод бий болжээ. Тухайн үедээ Английн нийслэл яг л өнөөдрийн Улаанбаатар шиг давчуу гудамжинд хаа сайгүй морин тэрэг, дугуйтай хүмүүс бөглөрсөн хот байв. Шинэ тээврийн хэрэгсэл нь өнөөгийн хөгжингүй Лондон бий болох гол үндэс болсон аж.

Метро гэхээр л хүмүүс хот орон нүүлгээд газар шороо ухаад нэг их сүлжилдсэн зам тавиад, зогсоол тунелүүдийг барих нөр их ажил болно. Гэтэл тэр их мөнгийг хаанаас олох юм бол? гэж бодож болох юм. Гэхдээ бидэнд зайлшгүй хийх ёстой зүйл гэж байдаг. Ер нь тэгээд манай хотын буруу дэд бүтэц зарим нэг талаараа ашигтай байдал үүсгэдэг талаар “Метро” төслийг санаачлагчид аль хэдийн ярьж эхэлсэн. Улаанбаатар шиг урт нарийхан хотод нэг захаас нөгөө зах хүртэл ганц шулуун Метроны шугам байхад л өнөөдрийн бидний үй олон асуудлыг нэг дор шийдэж болох аж. “Таван шараас Амгалан хүртэлх замыг Метрожуулчих юм бол бид хотын аль ч захаас төв орохын тулд найман минутыг л зарцуулна”гэж төслийг санаачлагч Г.Ганхүү ярьж байсныг санаж байна. Харин өнөөгийн нийтийн тээврээр бид таван шараас амгалан хүртэлх замыг туулах гэвэл нэг цагаас лав илүү гарна гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.

Яг энэ чиглэлд Метротой болчихвол төв замуудаар том жижиг оврын автобус, тролейбусууд явах шаардлагагүй болж энэ хэсгийн ачаалал мэдэгдхүйц багасна. Мэдээж үүнийг даган хотын өнгө үзэмж дээрдэж, осол аваар ч цөөрч болох юм. Дэлхийн томоохон хотуудад нэг чиглэлийн автобус хоорондын зай таван минутаас нэг их хэтэрдэггүй, харин манай Толгойт, Зурагт, Зүүнсалаа чиглэлийн “хийморьтойд нь үзэгддэг чоно” аятай ховор автабусуудыг тав битгий хэл тавин минут хүлээх ч энүүхэнд.

Төв замаар явах шаардлагагүй болсон нийтийн тээврийхэн энэ мэт бусад чиглэлд дутагдаж байгаа орон зайг нөхөж болох шүү дээ. Ингэснээр манай нийслэл бусад хотуудын зам харилцааны зөв жишигт ойртоход том алхам болно.

Тиймээс нийслэлд маань эхний ээлжинд таван шараас амгалан хүртэл 20км зам тавихад метрополис хотын иргэд бид хамгийн дээд зэргээр цагаа хэмнэж, тохилог орчинд хүртээмжтэй унаагаар боловсон үйлчлүүлэх боломжтой болж байна. Нэг км метро барихад 10 сая ам доллар зарцуулдаг гэвэл 20 км метро барихад 200 сая ам доллар юун түрүүнд шаардлагатай болно. Нүхэн зам байгуулахдаа дан ганц улсын төсөвт найдалгүйгээр хувийн хэвшлийнхэнийг татан оролцуулж болдог бусад хотуудын туршлага ч байдаг юм билээ.
Тэгэхлээр шийдвэр гаргах түвшний хүмүүс юм л бол төсвийн хөрөнгийг халамжийн байгууллага шиг баруун солгойгүй цацаж, тараахын оронд энэ мэт бодит бүтээн байгуулалтын ажилд зарцуулах шаардлагатай болоод байна. Ямар ч замын түгжрэлгүй, ямар ч даргад зам тавьж өгөлгүй, ууртай кондукторын царай ширтэлгүй, биенийхээ хөл гар дээр гишгэж, хэрүүл уруул хийлгүйгээр өглөөг эхэлнэ гэдэг ямар их аз жаргал болохыг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Зам дагаж хөгжил гэдэг дээ.
Цааш...

Тэд маань ээж аавдаа үнсүүлэх гээд эх орондоо яарсаар эргээд ирэх л болно

“Та нар суугуул холын нутгаасаа уугуул төрөлх орон гэртээ нэг л сайхан өдөр эргэж ирнэ. Хүний газар бөхийж олдог мөнгийг эх орондоо гэдийж олдог болчихлоор аавын хүүхдүүд төрсөн голомт, өссөн үүрэндээ буцаж ирэлгүй хаачнам билээ” гэсэн их л уянгын халилтай захидлыг Монгол улсын ерөнхий сайд С.Баяр хээрийн галуу нисэн үл хүрэх алсын алсад суугаа нутаг нэгтнүүддээ илгээсэн. Харин тэд маань “Бид харимаар л байна. Хайртай ээжийдээ очмоор л байна...Гэхдээ арай болоогүй...” гэх юм. Ерөнхий сайдаа хүний нутагт бөхийж олдог 1000 долларыг эх орондоо гэдийж олдог болоогүй байхад тэднийхээ хаана амьдрах, хэрхэн ажиллах, хэзээ эргэж ирэхэд нь хошуу нэмээд зогсохгүй хуруу дүрээд эхэлдэг чинь юу вэ? Та мэдээгүй гэж үү? тэд ирэх болоогүй гэсэн шүү дээ.
Уг нь Монголчууд сүүлийн хэдэн жилд Солонгосыг зорин үйлдвэрийн ажилд нухлуулахыг нэг их хүсээд байхаа больсон, оронд нь хүний эрхийг дээдэлдэг, амьдрахад ая тухтай барууны орнуудыг сонгох болж. Тэр тусмаа Шенгений орнуудад амьдрахад тун тайтай гэлцдэг сэн. Гэтэл сүүлийн үед Шведээс онгоц дүүрэн Монголчуудыг авчирлаа, Монголоос 50 цагдаа очиж хараар амьдарч байгаа иргэдийг барьж өгнө гээд л тун хатуухан мэдээллүүд гарч эхэллээ. Уг нь Швед цагаачдад хамгийн ээлтэй, харийханд хамгийн таатай орчин байсан. Яагаад ийм ширүүн болчихсон юм бол гээд тэнд амьдардаг Монголчууд гайхаад сууж байсан чинь харин Монгол улсын ерөнхий сайд С.Баяр мэдэгдэл хүргүүлсэн гэх сураг чих дэлсэх болж. Монгол улс ямар ч асуудалгүй, манай хүмүүсийг буцаахгүй бол бид боловсон хүчингүй болчихлоо. Ажлын байр мянга мянгаараа байна гэсэн юм байлгүй бодвол. Ингээд л Шведүүд архи дарс багагүй хэрэглэчихдэг, хулгай зэлгий шүүх цагдаагийн асуудалд орооцолдох дуртай нэг үгээр хамгийн сахилгагүй “хонц”-уудаасаа уухайн тас салах гэж их аян өрнүүлж эхэлсэн юм байх. Баяр сайдынхаа “буян”-аар 50 Монгол тусгай онгоц хөлөглөн нутагтаа ирсэн ч дахиад 30-ийг баривчлаад үлдээчихсэн аж. Онгоцоо дүүрэхээр авч ирэх юм гэнэ билээ. Ийм маягаар тус улсад ажиллаж амьдарч байгаа 3500-гаад Монгол иргэн ирэх жилийн дөрвөн сар гэхэд хүссэн хүсээгүй ерөнхий сайдынхаа уянгалаг үгтэй урилгыг хүлээж аван эх орондоо ирэх болсонд нэг талаараа бас баярламаар. Мэдээж бэтгэрсэн эх үрс, хайртай хосууд уулзах болсон ч эрхэм ерөнхий сайд 3500 цаашилбал 300000-аад мянган цагаачидаа дуудаж ирчихээд харийн нутагт авч байсан цалингийх нь талыг нь ч өгч чадахгүй шүү дээ. Тэд тэгээд хэн болох вэ? Цаана чинь таныг үзэн ядсан хүмүүс л байна гэнэ билээ. 5000-6000 доллар төлж Шведэд оччихоод өрөө төлөх нь битгий хэл хөлөө ч олж амжаагүй байсан хүмүүс боож үхэхэд бор шидмэс олдохгүй байгаадаа таныг буруутгаж байна. Нутагтаа байгаа иргэдээ бүрэн дүүрэн тоолж чаддагүй манайханд хаашаа хэд нь хэзээ гарсныг гэрчлэх яг таг тоо баримт байхгүй. Ямар ч байсан манай хүмүүсийг буцаагаач гэсэн мэдэгдэл бүх улсад хүргүүлсэн бол тэрийг нь Америкаас бусад бүх улс зөвшөөрсөн гэдэг нь үнэн бол гадаадад амьдарч, ажиллаж байгаа Монголчуудаа авчираад та лав тэжээж чадахгүй, тэдний ард бололцооны амьдардаг хэдэн мянган гэр бүл шууд хэлэхэд дампуурна. Та бас л түүнийг хариуцаж чадахгүй.

Хамаг залуусаа экспортолчихлоо гээд халаглах хүмүүс олон байдаг юм билээ. Харин тэднийг хүсээгүй байхад нь хүргэж ирээд байхад анхаарлаа хандуулах хүн хэр бий юм бол. Ерөнхий сайд маань романтик загнаж, элэг нэгтнүүдээ эх оронд нь авчирч ээж аавд нь үнсүүлэх гэсэн биш угийн эдийн засгийн хямралд орон олон үйлдвэрүүдээ дампууруулаад байгаа Швед, Ирланд мэтийн улсуудад азны юм болчихож. Цагаачдад элэгтэй хуулиасаа болоод Монгол, Тайланд, Польшуудад дарагдаад байсан Швед улсын гэхэд л “Volvo”-гийн хямралаас болж томоохон төмрийн үйлдвэр нь дампуурчихсан аж. Тийм болохоор харийн хүмүүсийг харж үзэхийн оронд шведүүддээ ажлын байрыг нь суллаж өгөх зорилго тавиад байна. Мэдээж үүнийг нь буруутгаад байх шалтгаан байхгүй ч Монголын засгийн газар ийм нөхцөл байдал үүсгэх шалтгийг нь гаргаж өгөх биш харин урьдчилан сэргийлэх ёстой байсан.

Нэгэнт урилга заллага өгөөд дуудаад, ирэхгүй байна гээд их яригчид нь гоочлоод байгаа энэ үед тэд маань харин юу боддог юм бол. “Хамаг халуун залуу насаа харийн нутагт гялалзаж өнгөрөөчөөд ясаа тавих гэж энд ирдэг нь юу вэ? Миний эх орон ямар оршуулгын газар юм уу” гэх нэгний үг үнэн мэт сонсогдож болох юм. Гэхдээ “Эх орондоо ихийг бүтээж чаддагүй юм аа гэхэд ээж аавдаа ойр дотныхондоо хэмжээнийхээ хэрээр хөрөнгө оруулалт хийж л байна ш дээ Хамгийн сайхан насаа мэдрэхгүйгээр өнгөрөөж байгаа маань харамсалтай л байдаг л даа. Хааяа надад нэг их гуниг төрөөд байдаг юм. Тэглээ гээд ямар сонголт байгаа юм бэ? Монголд очоод үүнээс доор амьдарна ш дээ Ямар Магнай бололтой биш дээ. Эх орны төлөө гээд очиж өлсгөлөн зарлуулах гээ юу?” гэж хэлэх охины үг миний сэтгэлийг түүнээс илүү эмзэглүүлсэн юм. Зорьсон зорилгодоо хүрсэн зарим нэг нь ч хүртэл эх орон минь гэж нэг их яарахгүй байх шиг. "Нуур нь амгалан бол шувууд нь жаргалтай" гэдэг дээ шувууд нь очиж жаргах хүсэлгүй байгаа нь амгалан нуургүйнх л биз. Өдөр бүр эх орны минь өнгө төрх өөрчлөгдөн хувирч байна. Өөр бас олон зүйл өөрчлөгдөх ёстойг харьд одсон Монголчууд маань хүлээж байгаа байх.

Ардчилсан нийгмийн эрх чөлөөт хүн хэрхэн амьдрахаа төлөвлөөд хаана ажиллахаа сонгоод гэр бүл үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээгээд үлдээж байгаа амьдралаа өөд татах гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй ч дааж давшгүй их ачаа үүрэн харийн орныг зорьж байна. Тэдний буруу лав биш. Үр хүүхдээ өнгөтэй өөдтэй явуулах гэж хань ижлээ хайр халамжаар дутаагаад аав ээжийгээ уйлуулан хайлуулан одсон элэг нэгтнүүдийг маань сүүлийн үед улс орны хөгжилд хувь нэмэр оруулдаггүй увайгүй хувиа хичээгчид гэх нь холгүй чичлэх хүмүүс олширч байгаад харамсах юм. Урдах амьдралаа хэн хүнээс илүү аваад явж байгаа жинхэнэ Монгол “баялаг”-уудыг гоочилж муучилж суудаг тамын тогооны үлгэрийн баатрууд одоо больмоор юм. Тэд өөрсдөө юу хийж чадаж байгаа юм. “Үнэхээр сэхээтэн боловсролтой мэдлэгтэй хэн нэгэн байгаад тэр хүн энд шал угаагаад явж байгаа бол харамсмаар л хэрэг. Гэхдээ бид нар шиг сурч боловсрох насаа золиослоод ирсэн хүмүүс эх орны хөгжилд юу оруулж чадах вэ дээ. Тэрний оронд ээж аавдаа нэмэр болж явах минь” гэж ярих бүсгүй ардаа үлдсэн аав ээж ах дүүгээ тэжээгээд зогсохгүй элгэндээ тээж явдаг эх орныхоо эдийн засгийн ачааг нуруун дээрээ үүрэлцэж явааг уг нь бид мартах учиргүй л юм сан.
Хүний нутагт хөлсөө дуслуулан яваа тэд маань зугаа цэнгэл хөөж эрдсэндээ эрүүл мэндээ гаргуунд нь орхиж илүүдсэндээ гэр бүлээ хөсөр хаяагүй байлтай. Тэднийг хаана ч зохицдог нүүдэлчний чадвартай нь эзэнгүй орхичихсон Монголын төр өөрөө буруутай. Тэд өөрсдөө тэрбум хүнийг дуусгах гэж байгаа аятай зүтгүүлээд л байсан, нөгөөдүүл маань гадаад л бол учраа мэдэхгүй нисээд л байсан. Одоо харин эх орны хөгжилд хошуугаа нэмэрлэгч үндсэрхэг үзэлтнүүдийн хувьд өөрсдийнхөө мөнгөөр өөрсдийгөө хөгжүүлж байгаа үнэт капиталууд маань бэртэгчид болоод хувирчихаж. Хошуу нэмсээр тэднийг эх орноо хөгжүүлснийх нь дараа бэртэгчид ирээд ясаа тавих гээд байгаа юм байх. Арай л эсэргүүцээд өлсгөлөн зарлана гэхгүй байх шиг байна цаад “зөвхөн монголдоо”-нууд чинь. Гэхдээ “адгийн шаарнуудын эцсийн хорогдох газар бол үндэсний үзэл” гэж хэн нэгэн санаандгүй хэлчихээгүй юм шүү. Хүний хаана амьдрах, ажиллах нь эрх чөлөөний асуудал тиймээс гадаадад байгаа Монголчуудаа авчирна гэсэн “үлгэр” яриад байлгүй нутагтаа үлдсэн Монголчуудаа дэмий чалчихаас өөр ажил хийлгэвэл яасан юм. Одоо ч гэсэн явах гэж яарсан олон залуус байна. Эх орныхоо голомтыг сахиж үлдсэн залуустаа ая тухтай амьдралын боломжийг жаахан ч гэсэн гаргаад өгвөл тэд харин урьж залж, занаж зүхээд байснаас чинь хавьгүй олон элэг нэгтнээ амьдралаараа уриалан дуудна биз. Ямартай ч шилжилийн ч юм уу аль эсвэл нүүдлийн ч юм уу энэ цаг үе нэгэнтэй дууссан хойно гадаадаас баахан монгол эх орондоо ирэх нь л үнэн. Харин тэднийг эх орондоо хүлээгсэд хэрхэн угтаж юу гэж үнэлэх ёстойг ахуй амьдарлын хэв маяг таарахгүй хоёр соёлтнуудын хоорондын зөрчлийг яаж зохицуулахаа Монголын төр өнөөдрөөс бодож эхлээрэй. Тэд хаана ч байлаа гэсэн хэзээд л Монгол хүмүүс, нэгэн цагт эргэж ирэх л болно. Харин арай болоогүй гэсэн. Тэднийг битгий буруутга.

“Хэрвээ зоригоо чангалан холыг зориогүй бол бэтгэртлээ санаж суугаа үр чинь хоолоор дутуу, жил жилийн Цагаан сарын идээ будаанаасаа “хүүгийн минь хишиг” хэмээн хадгалж байгаа аав ээж тань бэлээр гуцуу явах байсан” Тиймээ ерөнхий сайд аа энэ үг чинь харин үнэн.
Цааш...

Бурхан бас авилгач

Авилга гэдэг үг бидэнд аав ээж гэх шиг эгээ л танил дотно болж. Монгол орныг бараг залгичихаад байгаа авилга гэгч энэ “рах” хүнд сурталд нь хахаж цацан, зогсоо номхон ноомой бидэн рүү мөнгө гэгч дээрэлхүү “зулзага”-аа турхиран, тавлаж байна гэвэл та надтай санал нэгдэх үү? Үгүй гэж лав хэлэхгүй байх. Тэр айхтар “мангас”-ын тухай олон жилийн өмнөөс дуулдаж байгаа ч сүүлийн хэдэн жил бүр чих дөжирч, тархи задартал донгодож байна. Дуудах тусам дуурсдаг алдар аятай өнөөх гайхал чинь ичиж эмээхээ бүр мэдэхээ болилоо. Үнэндээ авилгачид нүдэн дээр “бөөс алдаг” болж. Тэгээд болоогүй тэдний ар өврөөрөө авч өгөлцдөг мөнгө толгойд битгий хэл тооны машинд багтахгүй болох нь. Монгол улс компани болж, Монголын төр казино болж Монгол хүмүүс туйлдаж гүйцлээ. Энэ арай хэтэрнэ ээ.

“Эхээс мэндлэх цагаас эхлээд л авилга! Аятайхан эмнэлэгт гайгүй сайн эмчийн гар дээр мэндлэх гэж авилга. Гарсан хойноо өрхийн эмч, сувилагчийн хэмжээнд авилга. Цэцэрлэг, сургуулийн авилга. Их дээд сургууль, гадаад дотоодын авилга. Ажилд орох, албан тушаал дэвших авилга. Сайн явах сайшаал үнэмлэх, одон медалийн авилга. Амралт сувилалын, групп, тэтгэвэрийн авилга. За тэгээд нүд аньж бурхны оронд залрахад аятайхан газарт ясаа тавих эцсийн авилга гээд… эхээс төрөөд энэ дэлхийгээс буцсан хойноо ч авилга авч өгсөөр явах нь ердийн хэрэг болов” гэсэн нэгэн сэтгүүлчийн үг инээдтэй хэдий ч яах аргагүй энэ нийгмийн үнэн дүр төрх болоод байна. Уг нь бол авилга гэдэг төрийн хэрэг гэж нигилист Баабар номлосон. Миний ойлгож байгаагаар нэг ийм юм уу даа. Цэрмаа гуайн даралт ихсээд шинжилгээ хийлгэхийн тулд эмчид өгч байгаа набор бол хахууль. Харин Тайпей хотын даргын бэлэглэсэн Герман улсад үйлдвэрлэдэг “Вольксваген”-ий 10 машиныг зам зуур нь гувчуулан аваад эмнэлэгүүдэд тус бүрийг нь 11 сая төгрөгөөр шахсан гэж Авилгатай тэмцэх газарт шалгагдаад байгаа УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хэрэг бол авилга. Ялгаа нь их энгийн. Хээл хахууль бол нүдэн дээр цэцэглэдэг бизнес, ард түмний амьдралд өдөр тутам тулгардаг чөдөр тушаа, талхны мөнгөнөөс маань хумсалж байгаа хэрэг. Харамсалтай нь манай нийгэмд амьдарч байгаа хэн гуай ч байсан хөлд нь чирэгдэнэ. Өөрөөр хэлбэл алхам тутамд хумслагчидтай таардаг учир үр хүүхэдээ өдөр бүр өлсгөх хэрэг гардаг. Тэгвэл тэр авилга өнө холын амьдралын минь дайсан. Ирээдүйд бидний болох байсан зүйлийг хэлэлгүйгээр мэрдэг байсан бол одоо үйлдэл дээр нь барьчихаад байхад уут шуудайгаар нь үүрээд гүйдэг болж. Тэр бүр дийлдэхээ байлаа.

Уг нь манай улс авилгын эсрэг хуулиа баталж, авилгачидтай хариуцлага тооцох эрх бүхий төрийн институттай болон их ухаарлын замд орсон юм сан. Даанч энэ авилга чинь яаж ч дарамтлах гээд дарагдахгүй дархан цолоо олсон дайсан юм байна.

Улс орнуудын авилгын түвшинг тодорхойлдог Транспаренси интернэшнл олон улсын байгууллагаас гаргасан энэ жилийн судалгаагаар Монгол улс 163 орноос 99-т оржээ. Өмнөх жилээсээ даруй 14 байраар ухарсан байгаа нь сүүлийн нэг жилд авилга авч өгөх хэрэгцээ эрс нэмэгдсэнийг харуулж байна. Энэ нь мэдээж далд байсан луйврын авилга өнөөдөр улайм цайм улс орныг цөлмөж, ард түмнээсээ тэрбум тэрбумаар нь дээрэмдээд баатарлаг нь аргагүй ялаа хүлээх болсон шинэ цагийн “шилийн сайн эрчүүдийн” буян биз. Дээрээс нь Монгол улсын өмнө тулгамдсан 10 гол бэрхшээлийн хоёрт авлига гуай морилож. Тийм дээ авилгаас өөр улс орныг туйлдуулж, ард түмнийг үнэгүйдүүлж, төрийг хүчгүйдүүлж, нийгмийн шударга ёсыг алдагдуулж чадах зүйл үгүй. Энэ “рах”-ын амнаас эх орноо аврахгүй бол үүрд ингээд харанхуйгаараа үлдэх нь. Судалгаанаас үзэхэд Монголчууд авилга өгөх шаардлага гарвал 10 орчим хувь нь хэвлэл мэдээллийнхэнд мэдээлж 15 хувь нь хуулийн байгууллагад хандах аж. Харин үлдсэн хэсэг нь мөнгө байвал өгөхөөс татгалзахгүй юм байх. Тэгвэл хэний гарыг байнга хүндрүүлэх шаардлага гардаг вэ гэсэн асуултын жагсаалтыг өнөөх талхны хулгайчид болох багш, эмч, төрийн албан хаагчид, цагдаа нар тэргүүлсэн байна. Инээдтэй юм бид ер нь баян юм шиг ээ. Үнэгүй хүртэх үйлчилгээгээ худалдаж авч л байдаг. Одоо ч тэгээд хоосон баярлалаа хог дээр гарч дээ зайлуул. Хамгийн харамсалтай нь сүүлийн нэг жилд авилгыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх хандлага нийгэмд ажиглагдах болж. Ингэж үзэж байгаа хүмүүсийн дийлэнх нь мэдээж бололцооны орлоготой хүмүүс. Аргагүй дээ авлига хэнд ашигтай нь тодорхой. Энэ “рах”-д таагүй хандаж буй бага дунд орлоготой иргэд авилга өгөх мөнгө, авах албан тушаал хоёрын аль аль нь үгүй. Хичнээн том албан тушаалтан байх тусам тэр илүү ичгүүр сонжуургүй хулгайлдаг, дээрэмддэг. Зуун жил амьдрахгүй юм байж мянган жил амьдрах юм шиг ядарсан иргэдийн тогоондохийг хүртэл цөлмөж улайран хулгайлхын учрыг та мэдэх үү. Би ч гэсэн мэдэхгүй л дээ. Уг нь бол улсын тэргүүний авилгачдад насаараа Bewerly hills-д тарвалзаж, Las vegas-т казинодож, орой нь хувийн онгоцоороо Тайланд нисэж хамгийн үнэтэй биеэ үнэлэгчидтэй жаргаад ч барахгүй үр хүүхэддээ үлдээгээд үхэх юмтай л баймаар. Тэгээд яагаад улам доройтож буй ядуу Монголчуудын байгаа бүхнийг сороод байдаг юм бол? Магадгүй энэ авлигачдын дон байх. Ихэнх эмэгтэйчүүд дэлгүүр хэсэх донтой. Яг юм худалдаж авч байх үедээ “дур тавьж” байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм гэнэ билээ. Тэгвэл олигархиуд мөнгөний донтой. Авилга авч байх үедээ тийм таашаал авдаг байх. Үнэндээ эрүүл ухаанаар бодоод бодоод ойлгохгүй юм. Үүнээс өөр тэнэг гэхдээ бас хамгийн боломжит хувилбар надад лав алга.

“Зарим нь яаж амьдарч байхад зарим яаж амьдраад байнаа” гэдэг шиг л энэ бол дэндүү шударга бус зүйл. Магадгүй бурхан бас авилга авсан байх. Тэгээд л бурхан зоосны нүхээр хараад оршуулгын газар, хогийн цэг, харийн нутаг, уулын энгэрт байгаа ядарсан Монголчуудыг маань харж үзэхгүй байна уу даа. Тэгвэл түүнийг ч бас цээрлүүлмээр. Ц.Нямдоржийн тодорхойлсноор “цус үнэртдэг” гэгддэг М.Энхсайханы сүржин афоризмийг уриагаа болгомоор байна. Авлигачдыг цээрлүүлье!!!
Цааш...

Хөлбөмбөгөө хөлбөмбөгийн холбооноос аврах цаг болжээ

Монгол улс анх 1998 онд олон улсын хөлбөмбөгийн холбоонд элсэн ороод, өнгөрсөн 10 жилийн турш чансаагаа дөрвөн байраар ахиулжээ. Ямар мундаг юм бэ гэж алгаа ташин баярлах арга даанч алга Инээдтэй нь “Бутан” мэтийн улс биш улсуудыг оруулаад бидний урд 191 орон байна. Ийм ичгэвтэр гэмээр байдалд хэн хүргэсэн юм бэ? Үнэндээ шигшээ багийн тамирчидаа чамлаж гоочлоод суудаг Монголын хөлбөмбөгийн холбоо буруутай. Энэ байгууллага ялзарчихсаны золиосонд Монголчууд хэнд ч гайхуулаад байхааргүй өнөөдрийн энэ 192 гэсэн чансааг үзүүлчихээд сууж байна. Ямар ч орны хөгжлийг тухайн улсын спортоор нь хэмждэг. Тэр тусмаа таван тэрбум үзэгчтэй хөлбөмбөгийг спортын хаан гээд санаандгүй нэрлэчихээгүй. Харин бидний өнгө төрхийг тодорхойлох ёстой өнөөх хөлбөмбөгийн хөгжил маань хэний ч мэдэхгүй хавцалд толгойгоо шургуулчихаад ахиж чадахгүй болохоороо амраар нь арагшаа ухарч байна уу даа.

Хөлбөмбөгийн холбоо нөхөрсөг тоглолт зохион байгуулдаггүй учираас байнгын “Форм”-гүй шигшээгийнхэн маань Ази болон Олон улсын хөлбөмбөгийн холбооноос заавал оролцох ёстой тэмцээнүүдэд нь амжилт үзүүлж чаддаггүй. Сүүлийн 10-аад жилд “Гуам”-аас өөр улс хожиж чадахгүй байгаа Монголын шигшээ үзэгчидгүй байдгийн буруутан нь хөлбөмбөгийн хөгжилд биш бизнест илүү анхаарлаа хандуулдаг энэ байгууллагын алдаа. Яагаад лигийн тоглолтыг ажлын өдрүүдэд явуулдагийг үзэгчид бүр гайхдаг юм билээ. Мэдээж тэдэнд амралтын өдрүүдээр талбайгаа цагийн 250 000 төгрөгөөр түрээслэх нь ашигтай байдаг бололтой. Бас үндэсний лигийн 8 баг тус бүр бооцооны нэг сая төгрөгөө төлөөд лигтээ орно гайхалтай нь түрүүлсэн баг яг л 10 жилийн өмнөх шигээ 3 000 000 төгрөг авна. “10 жилийн өмнө 3 000 000 төгрөг нэг өрөө байрны үнэ байсан харин ийм шагналтай үндэсний лигийг өнөөдөр хүмүүс элэглэнэ биз дээ” гэсэн Спортын цонх сэтгүүлийн эрхлэгч Хосбаярын үг ичмээр боловч бодит байдал болчихоод байна. Хамгийн харамсалтай нь спортод элэгтэй хүмүүсийн санаачлагаар зохион байгуулагддаг өсвөрийн хөлбөмбөгчдийн “Дуулиан 2020” хэмээх арга хэмжээг огт дэмждэггүй. Ер нь л нэг үгээр хэлэхэд энэ байгууллага тэмцээнээр бизнес хийдэг том компани болчихсон аж.

Бид ядуу учираас аль эсвэл бид цөөхүүлээ болохоор дорой буурай хөгжилтэй юм чинь гээд өөрсдийгөө өмөөрөөд сууж болох л доо. Үүнээс өөр санаа зовох зүйл дэндүү их байгаа нь ч үнэн. Гэхдээ үгүй юм аа заавал төр үүнд анхааран сая саяар нь төсөвлөөд л түүнийгээ цацаад бай гэсэн юм биш. Ядаж гаднаас орж ирдэг санхүүжилтээ шударгаар зөв зохистой зарцуулаад байвал улсаас тусгайлан харж үздэг “топ 4”-өөс юугаараа ч дутахгүй. Бусад спорт нь дагавар хүүхэд шиг гадуурхагдаад үлддэг ч бурхны аварлаар Монголын хөлбөмбөгийн холбоо ганцаархнаа өөрийн гэсэн байр сууцтай, манай улсын хамгийн баян холбоо гэдгийг харин хүн бүр мэдэх байх.

Манай хөлбөмбөгийн холбоо FIFA-аас ядуу буурай орнуудад өгдөг тусламж болох “Гоол” төслийн хүрээнд улсдаа цэнгэлдэх хүрээлэн бариулах хөрөнгийг гаргуулсан. 2001-10-29 –нд 450 000 $ 2004-9-22-нд 400 000 $ 2007-3-21-ий өдөр 1 сая америк доллар хөлбөмбөгийн холбоонд зөвхөн Fifa-гаас өгсөн гэсэн баримт байдаг боловч цэнгэлдэх маань одоо хүртэл сураггүй.

Уг нь энэ 1 сая 850 мянган доллароор 40 000 хүний суудалтай цэнгэлдэх 7 жилийн өмнөөс баригдаж эхлэх ёстой байсан аж. Үнэндээ бол хэрэгжүүлж чадсан л бол манай хөлбөмбөгийн холбоо том төсөл барьж авсан. Английн алдарт баг “Чэлси”-гийн “Stanford bridge” цэнгэлдэх л гэхэд 42 000 хүний суудалтай, тэгвэл Лондоны нөгөө нэг алдарт баг болох “Арсинал”-ын “Fly emirates” цэнгэлдэх 38 000 хүний суудалтай байдаг. Бид энэ дайны дэлхийд жишиг болсон цэнгэлдэхтэй болж болох л байлаа. Хэрвээ манай хөлбөмбөгийн холбооны удирдлагууд хөлбөмбөгийн хөгжлийн төлөө ажилласан бол бид хөлбөмбөгөө даган хөгжлийн том алхам хийж чадах л байсан. “Хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийг хүн үзэх зориулалтгүй шоронгийн хашаа шиг тойруулчихсан Монголынх шиг ийм талбай өөр ямар ч оронд байдаггүй” гэж юм үзэж нүд тайлсан зарим хүмүүс шоглох ёжлохын хооронд хэлдэг л юм билээ.

Уг нь Монголчууд хөлбөмбөгт үнэхээр хайртай тэр тусмаа сүүлийн дөрвөн жилд хүүхдүүд бүр ч их сонирхох болсон. Гэтэл хөлбөмбөгийн талбайтай ерөнхий боловсролын сургууль нийслэлд маань хэд байдаг билээ. Яг одоо л гэхэд цорын ганц спорт цогцолбор болох 15-р хорооллын СОТ-2-ын талбайгаа газрын наймаачдад алдчихаад сууж байна. Ажил хийдэггүй энэ холбооны ерөнхийлөгч Амаржаргал, дэд ерөнхийлөгч Ганбат, ерөнхий нарийн бичгийн дарга Ганболд гэдэг хүмүүсийн ууж идсэн мөнгө үүгээр дуусахгүй гээд “Eagle”телевизээр бүхэл бүтэн хэлэлцүүлэг гараад өнгөрөх юм. Юу билээ тийм гэж үү ямар их мөнгө вэ яаж зарцуулсан юм бол гээд гайхаад сууж байсан чинь харин ёстой энэ том байгууллагыг чинь нэг хүний хувийн компани болчихсон гээд захын хүн хэлж байна билээ. Жил бүр манай улсад Азийн хөлбөмбөгийн холбооноос 250000 $, Зүүн азийн хөлбөмбөгийн холбооноос төдий хэрийн, Япон,Германы хөлбөмбөгийн холбооноос ч багагүй тусламж үзүүлдэг аж. Хачирхалтай нь энэ их мөнгөө хэрхэн зарцуулсан тайлан нэг ч үгүй. Тэгээд тайлангаа тавиач гэхээр “манайх төрийн бус байгууллага санхүүгээ тайлагнах албагүй” гэдэг юм байх. Нийгэмдээ үйлчилдэг төрийн бус байгууллагын санхүүгийн мэдээллийг дурын хүн авч үзэх эрх хуулиар зөвшөөрөгдсөн байдаг. Бидний хэн маань ч тэр эрхээ эдэлж чаддаггүй учираас дотоод журамаа удаа дараа зөрчөөд байгаа “Монголын хөлбөмбөгийн холбооны аппарадыг тэр чигээр нь үгүй болгоод хоёр жилийн дараа баг, тамирчин, дагсгалжуулагч, фанатуудынхаа эрх ашгийг хамгаалсан холбоотой нь хамт дахин хөлбөмбөгийн холбоог бий болгъё” гэсэн санааг спортын сэтгүүлчдээс дэвшүүлж байгаа аж. Өнөөдрийн нөхцөл байдал Хөлбөмбөгийн холбоог удирдлагуудаас нь аврах уу аль эсвэл Монголын хөлбөмбөгийг хөлбөмбөгийн холбооноос аврах уу гэдэг дээрээ тулчихаад байгаа нь үнэн. Тэгээд ч хөлбөмбөгийн холбооноос огтхон ч хамааралгүйгээр хэдхэн залуучууд Монголын хөлбөмбөгийг авч явж байгаа бол, телевизүүд бас л тэднээс хамааралгүйгээр хөлбөмбөгийг сурталчилж чадах чинээгээрээ хөгжүүлж байна. Хөөрхий дөө хөвгүүд маань шороо манаргаад л гудамжиндаа тоглоно. Уг нь Монгол физиологи азидаа дээгүүрт ордог, Монгол хүүхдүүд потенцал сайтай. Бид үнэхээр эх орноосоо “Роналдо”-г төрүүлж чадна. Гагцхүү хөлбөмбөгийн хөгжлийг хойш нь татсан хөлбөмбөгийн холбоо гэгч “том гүзээтэй эрхэм”-ийг үгүй болгох хэрэгтэй.

Үгүй ядаж эхлээд шигшээ багтаа шинэ агаар оруулмаар байна. Хаана ч гэсэн тухайн баг амжилт гаргах гаргахгүй байх нь шууд дасгалжуулагчийн хариуцлагатай холбоотой байдаг. Гэтэл манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагч И.Отгонбаяр ямар гавъяа байгуулсандаа энэ суудалд дархлагдчихасан юм. Олон улсын зэрэгтэй ганц дасгалжуулагч л юм байгаа биз гэхдээ Монголын шигшээ багийг дасгалжуулъя гээд өөрөө санал тавиад тэр ч битгий хэл бидний өмнөөс олон улсын хөлбөмбөгийн холбоо цалинжуулна гээд байхад Германы дасгалжуулагч Клауз Шлапнерийг манай хөлбөмбөгийн холбооныхон хүлээж аваагүй тухай учир мэдэх хүмүүс хэлдэг. Гаднаас шинэ уур амьсгал оруулах үнэхээр дургүй байгаа нь л энэ байгууллагыг яаж ялзарсныг бэлхнээ харуулж байхад бас болоогүй FIFA-руу халтуурдаж худлаа мэдээ (цаасан буу) илгээнэ. Энэ бүхнийг дотор нь ажиллаж байсан хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга асан Батзаяа барин тавин хэлээд өгнө билээ. Үүгээр ч зогсохгүй бүхэл бүтэн улсын хөлбөмбөгйн холбоо нь Вэб сайт битгий хэл и мэйл хаяг ч үгүй гээд бод доо Юугаа тэгж их нууцалдаг юм. Дээрээс нь ямар ч зохион байгуулалтгүй өнгөрсөн жилийн үндэсний лигийн хүрэл медалийн тоглолт дээр л гэхэд дасгалжуулагч, тамирчид, шүүгчид хоорондоо 30 минут хэрэлдээд зогсчихсон. Техник технологи хөгжичхөөд байхад тиймхэн асуудал шийдэж чадахгүй хэрүүл уруул болоод зогсож байсан үндэсний лигээ үнэндээ өрөвдсөнөө нуугаад яахав. Бас нэг жишээ гэхэд 2007 оны 10-21 нд БНАСАУ Монгол хоёрын дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт манай талбай дээр болсон. Тэгээд 13 цагаас эхлэх ёстой тоглолт байдаггүй яасан гэсэн чинь харин зочин багийнх нь төрийн дуулал олддоггүй гэнээ. Сүүлд сонсох нь ээ олсонгүй барьсангүй гээд нарийн бичгийн дарга дэд ерөнхийлөгч хоёр нь хоорондоо хэрэлдээд л зогсоод байсан юм байх. Энэ мэтчилэн инээдэмтэй үнэндээ бол бараг эмгэнэлтэй үйлдлүүдээ одоо больж их спортоо л хөгжүүлмээр байна.

Эцэст нь хөлбөмбөгийн тайлбарлагч Заяагийн “өөрсдөд минь ямар ч хамаагүй Испани, Итали, Оросын багийг биш өөрсдөд минь хамгийн их хамаатай Монголынхоо шигшээг ялалт байгуулахыг харж бахархах юмсан” гэсэн үгийг дэмжиж байна.
Цааш...

Хамгийн шилдэг MP тоглуулагч


Sony брэндийн Rolly хэмээх бүжиглэдэг MP тоглуулагчаа өнгөрөгч 2007 онд зах зээлд нийлүүлсэн аж. Энэ тоглуулагч нь өөрөө тоглуулж буй дуунд анализ хийн хөдөлгөөнөө боловсруулдаг ба 2 далавч нь хамгийн бодитой дуу авиаг гархад тус болдог ажээ. Rolly-г бие даан эсхүүл компьютертэй Bluetooth, USB link -р холбон ажилуулах боломжтой юм байна. Үзүүлэлтын хувьд 300гр, 104 x 65 x 65mm, USB, Bluetooth, 2gb дотоод санах ой, MP3 AAC тоглуулах боломжтой. Яг одоо зах зээл дээр худалдагдаж байгаа үнэ 399$. Цааш...

Баярлалаа Oriflame

Oriflame гэдэг нэр томъёог бид мэддэг болоод олон жил өнгөрчээ. Шведийн гоо сайхан бараа бүтээгдэхүүнийг зардаг алдартай сүлжээ бизнес үнэхээр гайхалтай. Энэ нийтлэлдээ би Орифлэймийн гайхамшигтай ертөнцийн нэгэн хэсэг хэрхэн болох талаар бичихыг зорисонгүй хүн болгон л энэ компаний талаар өөрийн гэсэн үзэл болдол ойлголтой тэрийг би энд нуршаад яахав.

Саяханыг хүртэл би орифлэймийг нэг их тоож анзаарч хардаггүй байлаа. Битүүхэндээ дургүй талдаа дотоодын үйлдвэрлэл байсан бол алга ташаад л угтаад авах байлаа гэвч импортынх. Монголчууд маань нэг ч болтгуай зүйл ээ импортоор авч хэрэглэхгүй байвал бидний эдийн засагт эерэг нөлөөтэйсэн. Нөгөө "Монос"-ынхоо сүүн шингэн, "Мон крем"-ын халгай шампуниа яагаад хэрэлээд байж болохгүй гэж. За энэ бол горимын санал байлаа хадууралгүй эргээд орифлэймруугаа орий. орифлэймыг шууд хархад импортын бараа ч манай монголын хөгжил тэвшилд маш үнэтэй хувь нэмэр оруулжээ одооч оруулсаар байна. баярлалаа Орифлэйм гээд дахиад хэлчий. Өнөөдөрийг хүртэл толгойтой болгон хэлж яриад байгаа ч төдийлөн хэрэгжиж биелэлээ олохгүй байгаа нөгөө Цахим монголыг бий болгоход энэ компани нилээдгүй хувь нэмэр оруулж байнаа. За ингээд би олон зүйл нуршилгүй яагаад ингэж хэлэх болсон талаараа танд хэлье.

Нэгэн түүх: Манай ээж саяханаас орифлэйм гээч зүйлд элсээд удаагүй тун идэвхитэй багын амжилтаа дээшлүүлхээр ажилж байна. Би ч хувьдаа хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэхчийн үлгэрийг бодон дургүй л байлаа. Гэтэл хэд хоногийн өмнө би ээжид бараагаа захиалахад нь тусаллаа. Өнөөх гар утасаараа мэссэж ч бичдэггүй орчин үеийн технологигоос хол хөндий ээж маань шинэ бизнесынхээ хэрэгцээ шаардлагын улмаас компютер сурах нэн эрэмзэлтэй болчихож ээ тун баярлууштай. Ингээд ээжийн барааг захиалж өгөөд дараа нь ээжийгээ өөрөө бараагаа захиалдаг болгох гэж компютер гээч төхөөрөмж, интернэт гэгдэх агуу ертөнцийн талаар анхан шатны хичээл зааж өгөхөөр боллоо. эхний өдөртөө л сурчаагүй ч гэсэн одоо ээж маань компютер интернэтын талаар муугүй мэдлэгтэй болсон билээ. Маргааш орой нь ээжийн багийн гишүүд надруу залган бараа хэрхэн захиалах талаар бяцхаан зөвөлгөө авав. зарим нэг нь гэртээ интернэт хэрхэн тавиулах талаар ч лавлалаа. Одоо тэд хэрэгтэй гэдгийг нь мэддэг ч төдийлөн хэрэглэхгүй байсан хүүхэддээ л зориулж авсан компьтерынхаа жинхэн ашиг тус хэрэгцээг өнөөх орифлэймын буянаар мэдэрч амьдралынхаа нэг хэрэгцээг болголлоо. та гараад ойролцоох интернэт кафегаар шагайгаад үзээрэй магадгүй тэнд манай улаан цагаан орифлэймын фэн гишүүд маань бараагаа захиалах гэж мэдэхгүй ч мэддэг болохын төлөө хичээнгүйлэн оролдон суугаа дүр зургийг харах болов уу. Та орифлэйм монголд хичнээн гишүүдтэй хэдийн насны хүмүүс зонхилдогыг нэг санаад үзээрэй тэд одоо нөгөө оюунлаг гэгдээд байгаа 21дүгээр зууны эзэд гэгдэх хувьдаа мэйл ч хаяг үгүй нэг бус нилээдгүй оюунтнуудаас хавьгүй оюунлаг бусуу! /бааранд далдаганахаар интернэт кафе орооч/
Цааш...

Дагах