Өршөөлөө хайрлаач ерөнхийлөгчөө тэгвэл өөрт чинь саналаа өгье

Гадуур бөөн л ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал, ард түмэн галзуу юм шиг л улс төржиж байна. Өнөө өглөө зам дагаад баахан шар өмсгөлтэй охид зогсчихсон, хөөрхөн “мессеж” өргөөд байхаар нь юу юм бол гэж бодож байсан чинь цамцныхаа ард “№1” гээд биччихэж. Алиа юм эсвэл хөөрхөн ч юм уу? Тэгсэн өчигдөр “Ардчилагчийг тат”, “Авилгачийг түлх” гэсэн наалт байр болгоны хаалган дээр наачихсан байсан. Ёстой сэтгэж чадаж байна аа эд нар. Энэ мэтчилэн сонгуулийн уур амьсгал, нэр дэвшигчдийн сурталчилгааг хараад заримдаа инээд хүрч, заримдаа эгдүүцэл төрөх юм. Улайм цайм улайрч байна даа хөөрхийс.

За ямартай ч сонгууль болдогоороо л болно. Ард түмэн дуртай дургүй ч “алиалагч”-дын аль нэг сонгогдох л байх. Харин бид энд сонгуулийн тухай ярих гэсэнгүй. Эрх мэдлийн төлөө улайрсан хэдэн улс төрчдөөс болж “Манай үеийн буруугүй буруутнууд” болж хувиран, амьдын хагацал үзээд байгаа хэдэн залуусын тухай өгүүлэх гэсэн юм. Эрх нь зөрчигдсөн энэ залуусыг өмгөөлж өөр бусаддаа уриалах гэсэн юм. Эрхээ зөрчүүлсэн эдгээр хүмүүсийг золиосолсон эрх мэдэлтнүүдэд дахин нэг сануулах гэсэн юм.

Өнөө өглөөний сонин дээр үймээний хэргээр хүндэдсэн (хэт) ял сонссон нэг хүүгийн ээж ярилцлага өгчээ. Амьдын хагацал үзэн, өнчирч байгаа бидний зовлонг эрх мэдэлтнүүд даанч ойлгохгүй байна гэж аргаа барсан эх ярьж байна. Тэр эхийн, түүний хүүгийн, бидний, миний ч гэсэн хамгийн сүүлчийн найдвар уг нь ингэж их “шоу”-даад, гайхуулаад байгаа ерөнхийлөгчийн сонгууль л байсан юмсан. Юу гэх гээд байгааг минь бараг гадарлаж байгаа байх. 2008-7-1. Парламентын сонгуулийн үр дүнгээс үүдсэн эсэргүүцэл, цуглаан эцэстээ олон зуун залуусыг шоронд хатааж, олон арван цагдаа хүчнийхэнийг бэртээж, гэмтээж хамгийн харамсалтай нь 5 монгол хүн алтан амиа алдсан эмгэнэлт өдөр. Гэхдээ болоогүй ээ хамгийн том үр дүн нь Монгол улсад шударга ёс, хууль дүрэм хэрхэн алдарсаны, урвалт шарвалт, амиа хоохоолохын бодит жишээний тод томруун гэрч болсон. Золиосонд нь ямар олон сайхан Монгол хөвгүүд шоронгийн хаалга татаж, намтарын түүхнээ хар толбо үлдээв. Харамсалтай, эмгэнэлтэй, даанч жигшүүртэй.

Хэсэгтээ шуугиж байгаад өнгөрсөн энэ үйл явдлын талаар дурсах хүмүүс нь дурсаж, бусад нь бараг мартаж орхиж. Гэхдээ л хүн болгон ерөнхийлөгчийн сонгуулиар л өршөөлийн хууль батлагдаж, 7-1-ний үймээний хэрэгтнүүдэд “хүндэт” ерөнхийлөгч хайр энэрлээ үзүүлэх байх хэмээн таамаглаж байсан. Харамсалтай нь үгүй бололтой. “Өгөөмөр” ерөнхийлөгчийнхөө өршөөлийг хүлээн олон монгол залуус гэмгүй шахуу байж ялтны амьдралаар амьдарч байхад мань ерөнхийлөгч хүний хаясан бохь дээр л “шоу”-даад байх юм. Илүү ач холбогдолтой, илүү цар хүрээтэй зүйл хий л дээ. Үгүй ядахнаа хүний “магнай тэнийлгэх” хүсэлгүй юм бол таван хүний амь нас, англи, монгол “dictionary” авч зугтсныхаа төлөө долоон жилийн ял сонсоод байгаа хөөрхий хүүгийн өмнө өөрийгөө буруутайд бодоод тэр өршөөл энэрлээ үзүүлж болохгүй гэж үү? ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ!!!
Би болж байвал бусад нь яахав гэж боддоггүй өрөвч, зөөлөн монгол сэтгэлтнүүддээ бас уриалмаар байна. Өөрөө өршөөл гуйхаа байг зүгээр л тэр өршөөлөө үзүүлээд аль гээд шаардаад өгөөч МОНГОЛЧУУДАА!!!

Таны намын байшин шатаа л биз, үүнээс илүү зүйл болдог л юм. Энэ чинь улс орон. Харин таны хувийн өш хонзонгоо (намын байр шатсан) авах зорилгоор хамгийн халуун, залуу насыг нь хулгайлж, хумсалж буй байшин шатаасан залуус чинь 10 жилийн дараа улсаа устгах “мина” болоод гараад ирэх вий дээ! Яг үнэндээ байшин шатаасан ч юм уу даа? Таны байшинг хамгаалаад байсан цагдаа нар чинь шилтэй юм тэсэлж, дэлбэлээд байсан бичлэг, энэ тэр гадуур байдаг л юм гэнэ билээ. Хэн нь хэнийгээ хохироосон гэх үү? Үнэхээр тийм бол хэн нь хэнийгээ шийтгэж байгаа хэрэг юм бол? Ер нь ерөнхийлөгч өршөөл үзүүлэх ёстой юм уу? өршөөл гуйх ёстой юм уу? Та онц байдал гэдэг “хогийн юм” зарлаагүй бол бид бие биерүүгээ арай л буу шагайхгүй байсан даа. За тэр яахав одоо чухал биш. Гол нь яллагдах ёсгүй ялтанууддаа л өршөөлөө хайрлаач нэр дэвшигч ээ. Оронд нь та ЯЛ.

3 Сэтгэгдэл:

Anonymous said...

Two Thumbs Up, Friend

Anonymous said...

Ямар ч сонголтгүй нийгэмд амьдарч буй бид ямар өрөвдөлтэй вэ?

Anonymous said...

Хүний нийгмийг хүчээр барьдаг цаг манай эрх мэдэлтнүүдийн хэлээд байгаагаар хэдийнээ ард орхигдож ардчилал болсон санагдах юм. Гэтэл бид чинь хэтэрхий харгис, хэзээ буудуулах нь мэдэгдэхгүй бохир нийгэмд амьдраад байна даа.

Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг

Адгийн эрх мэдэлтнүүд та нар л ЖАРГАЛ гэдэг байх... Чойном ах болоод миний Монголын хэлмэгдэж байгаа, хэлмэгдэх гэж байгаа бид бүгд харин жигшиж байна.

Дагах