Тэд маань ээж аавдаа үнсүүлэх гээд эх орондоо яарсаар эргээд ирэх л болно

“Та нар суугуул холын нутгаасаа уугуул төрөлх орон гэртээ нэг л сайхан өдөр эргэж ирнэ. Хүний газар бөхийж олдог мөнгийг эх орондоо гэдийж олдог болчихлоор аавын хүүхдүүд төрсөн голомт, өссөн үүрэндээ буцаж ирэлгүй хаачнам билээ” гэсэн их л уянгын халилтай захидлыг Монгол улсын ерөнхий сайд С.Баяр хээрийн галуу нисэн үл хүрэх алсын алсад суугаа нутаг нэгтнүүддээ илгээсэн. Харин тэд маань “Бид харимаар л байна. Хайртай ээжийдээ очмоор л байна...Гэхдээ арай болоогүй...” гэх юм. Ерөнхий сайдаа хүний нутагт бөхийж олдог 1000 долларыг эх орондоо гэдийж олдог болоогүй байхад тэднийхээ хаана амьдрах, хэрхэн ажиллах, хэзээ эргэж ирэхэд нь хошуу нэмээд зогсохгүй хуруу дүрээд эхэлдэг чинь юу вэ? Та мэдээгүй гэж үү? тэд ирэх болоогүй гэсэн шүү дээ.
Уг нь Монголчууд сүүлийн хэдэн жилд Солонгосыг зорин үйлдвэрийн ажилд нухлуулахыг нэг их хүсээд байхаа больсон, оронд нь хүний эрхийг дээдэлдэг, амьдрахад ая тухтай барууны орнуудыг сонгох болж. Тэр тусмаа Шенгений орнуудад амьдрахад тун тайтай гэлцдэг сэн. Гэтэл сүүлийн үед Шведээс онгоц дүүрэн Монголчуудыг авчирлаа, Монголоос 50 цагдаа очиж хараар амьдарч байгаа иргэдийг барьж өгнө гээд л тун хатуухан мэдээллүүд гарч эхэллээ. Уг нь Швед цагаачдад хамгийн ээлтэй, харийханд хамгийн таатай орчин байсан. Яагаад ийм ширүүн болчихсон юм бол гээд тэнд амьдардаг Монголчууд гайхаад сууж байсан чинь харин Монгол улсын ерөнхий сайд С.Баяр мэдэгдэл хүргүүлсэн гэх сураг чих дэлсэх болж. Монгол улс ямар ч асуудалгүй, манай хүмүүсийг буцаахгүй бол бид боловсон хүчингүй болчихлоо. Ажлын байр мянга мянгаараа байна гэсэн юм байлгүй бодвол. Ингээд л Шведүүд архи дарс багагүй хэрэглэчихдэг, хулгай зэлгий шүүх цагдаагийн асуудалд орооцолдох дуртай нэг үгээр хамгийн сахилгагүй “хонц”-уудаасаа уухайн тас салах гэж их аян өрнүүлж эхэлсэн юм байх. Баяр сайдынхаа “буян”-аар 50 Монгол тусгай онгоц хөлөглөн нутагтаа ирсэн ч дахиад 30-ийг баривчлаад үлдээчихсэн аж. Онгоцоо дүүрэхээр авч ирэх юм гэнэ билээ. Ийм маягаар тус улсад ажиллаж амьдарч байгаа 3500-гаад Монгол иргэн ирэх жилийн дөрвөн сар гэхэд хүссэн хүсээгүй ерөнхий сайдынхаа уянгалаг үгтэй урилгыг хүлээж аван эх орондоо ирэх болсонд нэг талаараа бас баярламаар. Мэдээж бэтгэрсэн эх үрс, хайртай хосууд уулзах болсон ч эрхэм ерөнхий сайд 3500 цаашилбал 300000-аад мянган цагаачидаа дуудаж ирчихээд харийн нутагт авч байсан цалингийх нь талыг нь ч өгч чадахгүй шүү дээ. Тэд тэгээд хэн болох вэ? Цаана чинь таныг үзэн ядсан хүмүүс л байна гэнэ билээ. 5000-6000 доллар төлж Шведэд оччихоод өрөө төлөх нь битгий хэл хөлөө ч олж амжаагүй байсан хүмүүс боож үхэхэд бор шидмэс олдохгүй байгаадаа таныг буруутгаж байна. Нутагтаа байгаа иргэдээ бүрэн дүүрэн тоолж чаддагүй манайханд хаашаа хэд нь хэзээ гарсныг гэрчлэх яг таг тоо баримт байхгүй. Ямар ч байсан манай хүмүүсийг буцаагаач гэсэн мэдэгдэл бүх улсад хүргүүлсэн бол тэрийг нь Америкаас бусад бүх улс зөвшөөрсөн гэдэг нь үнэн бол гадаадад амьдарч, ажиллаж байгаа Монголчуудаа авчираад та лав тэжээж чадахгүй, тэдний ард бололцооны амьдардаг хэдэн мянган гэр бүл шууд хэлэхэд дампуурна. Та бас л түүнийг хариуцаж чадахгүй.

Хамаг залуусаа экспортолчихлоо гээд халаглах хүмүүс олон байдаг юм билээ. Харин тэднийг хүсээгүй байхад нь хүргэж ирээд байхад анхаарлаа хандуулах хүн хэр бий юм бол. Ерөнхий сайд маань романтик загнаж, элэг нэгтнүүдээ эх оронд нь авчирч ээж аавд нь үнсүүлэх гэсэн биш угийн эдийн засгийн хямралд орон олон үйлдвэрүүдээ дампууруулаад байгаа Швед, Ирланд мэтийн улсуудад азны юм болчихож. Цагаачдад элэгтэй хуулиасаа болоод Монгол, Тайланд, Польшуудад дарагдаад байсан Швед улсын гэхэд л “Volvo”-гийн хямралаас болж томоохон төмрийн үйлдвэр нь дампуурчихсан аж. Тийм болохоор харийн хүмүүсийг харж үзэхийн оронд шведүүддээ ажлын байрыг нь суллаж өгөх зорилго тавиад байна. Мэдээж үүнийг нь буруутгаад байх шалтгаан байхгүй ч Монголын засгийн газар ийм нөхцөл байдал үүсгэх шалтгийг нь гаргаж өгөх биш харин урьдчилан сэргийлэх ёстой байсан.

Нэгэнт урилга заллага өгөөд дуудаад, ирэхгүй байна гээд их яригчид нь гоочлоод байгаа энэ үед тэд маань харин юу боддог юм бол. “Хамаг халуун залуу насаа харийн нутагт гялалзаж өнгөрөөчөөд ясаа тавих гэж энд ирдэг нь юу вэ? Миний эх орон ямар оршуулгын газар юм уу” гэх нэгний үг үнэн мэт сонсогдож болох юм. Гэхдээ “Эх орондоо ихийг бүтээж чаддагүй юм аа гэхэд ээж аавдаа ойр дотныхондоо хэмжээнийхээ хэрээр хөрөнгө оруулалт хийж л байна ш дээ Хамгийн сайхан насаа мэдрэхгүйгээр өнгөрөөж байгаа маань харамсалтай л байдаг л даа. Хааяа надад нэг их гуниг төрөөд байдаг юм. Тэглээ гээд ямар сонголт байгаа юм бэ? Монголд очоод үүнээс доор амьдарна ш дээ Ямар Магнай бололтой биш дээ. Эх орны төлөө гээд очиж өлсгөлөн зарлуулах гээ юу?” гэж хэлэх охины үг миний сэтгэлийг түүнээс илүү эмзэглүүлсэн юм. Зорьсон зорилгодоо хүрсэн зарим нэг нь ч хүртэл эх орон минь гэж нэг их яарахгүй байх шиг. "Нуур нь амгалан бол шувууд нь жаргалтай" гэдэг дээ шувууд нь очиж жаргах хүсэлгүй байгаа нь амгалан нуургүйнх л биз. Өдөр бүр эх орны минь өнгө төрх өөрчлөгдөн хувирч байна. Өөр бас олон зүйл өөрчлөгдөх ёстойг харьд одсон Монголчууд маань хүлээж байгаа байх.

Ардчилсан нийгмийн эрх чөлөөт хүн хэрхэн амьдрахаа төлөвлөөд хаана ажиллахаа сонгоод гэр бүл үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээгээд үлдээж байгаа амьдралаа өөд татах гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй ч дааж давшгүй их ачаа үүрэн харийн орныг зорьж байна. Тэдний буруу лав биш. Үр хүүхдээ өнгөтэй өөдтэй явуулах гэж хань ижлээ хайр халамжаар дутаагаад аав ээжийгээ уйлуулан хайлуулан одсон элэг нэгтнүүдийг маань сүүлийн үед улс орны хөгжилд хувь нэмэр оруулдаггүй увайгүй хувиа хичээгчид гэх нь холгүй чичлэх хүмүүс олширч байгаад харамсах юм. Урдах амьдралаа хэн хүнээс илүү аваад явж байгаа жинхэнэ Монгол “баялаг”-уудыг гоочилж муучилж суудаг тамын тогооны үлгэрийн баатрууд одоо больмоор юм. Тэд өөрсдөө юу хийж чадаж байгаа юм. “Үнэхээр сэхээтэн боловсролтой мэдлэгтэй хэн нэгэн байгаад тэр хүн энд шал угаагаад явж байгаа бол харамсмаар л хэрэг. Гэхдээ бид нар шиг сурч боловсрох насаа золиослоод ирсэн хүмүүс эх орны хөгжилд юу оруулж чадах вэ дээ. Тэрний оронд ээж аавдаа нэмэр болж явах минь” гэж ярих бүсгүй ардаа үлдсэн аав ээж ах дүүгээ тэжээгээд зогсохгүй элгэндээ тээж явдаг эх орныхоо эдийн засгийн ачааг нуруун дээрээ үүрэлцэж явааг уг нь бид мартах учиргүй л юм сан.
Хүний нутагт хөлсөө дуслуулан яваа тэд маань зугаа цэнгэл хөөж эрдсэндээ эрүүл мэндээ гаргуунд нь орхиж илүүдсэндээ гэр бүлээ хөсөр хаяагүй байлтай. Тэднийг хаана ч зохицдог нүүдэлчний чадвартай нь эзэнгүй орхичихсон Монголын төр өөрөө буруутай. Тэд өөрсдөө тэрбум хүнийг дуусгах гэж байгаа аятай зүтгүүлээд л байсан, нөгөөдүүл маань гадаад л бол учраа мэдэхгүй нисээд л байсан. Одоо харин эх орны хөгжилд хошуугаа нэмэрлэгч үндсэрхэг үзэлтнүүдийн хувьд өөрсдийнхөө мөнгөөр өөрсдийгөө хөгжүүлж байгаа үнэт капиталууд маань бэртэгчид болоод хувирчихаж. Хошуу нэмсээр тэднийг эх орноо хөгжүүлснийх нь дараа бэртэгчид ирээд ясаа тавих гээд байгаа юм байх. Арай л эсэргүүцээд өлсгөлөн зарлана гэхгүй байх шиг байна цаад “зөвхөн монголдоо”-нууд чинь. Гэхдээ “адгийн шаарнуудын эцсийн хорогдох газар бол үндэсний үзэл” гэж хэн нэгэн санаандгүй хэлчихээгүй юм шүү. Хүний хаана амьдрах, ажиллах нь эрх чөлөөний асуудал тиймээс гадаадад байгаа Монголчуудаа авчирна гэсэн “үлгэр” яриад байлгүй нутагтаа үлдсэн Монголчуудаа дэмий чалчихаас өөр ажил хийлгэвэл яасан юм. Одоо ч гэсэн явах гэж яарсан олон залуус байна. Эх орныхоо голомтыг сахиж үлдсэн залуустаа ая тухтай амьдралын боломжийг жаахан ч гэсэн гаргаад өгвөл тэд харин урьж залж, занаж зүхээд байснаас чинь хавьгүй олон элэг нэгтнээ амьдралаараа уриалан дуудна биз. Ямартай ч шилжилийн ч юм уу аль эсвэл нүүдлийн ч юм уу энэ цаг үе нэгэнтэй дууссан хойно гадаадаас баахан монгол эх орондоо ирэх нь л үнэн. Харин тэднийг эх орондоо хүлээгсэд хэрхэн угтаж юу гэж үнэлэх ёстойг ахуй амьдарлын хэв маяг таарахгүй хоёр соёлтнуудын хоорондын зөрчлийг яаж зохицуулахаа Монголын төр өнөөдрөөс бодож эхлээрэй. Тэд хаана ч байлаа гэсэн хэзээд л Монгол хүмүүс, нэгэн цагт эргэж ирэх л болно. Харин арай болоогүй гэсэн. Тэднийг битгий буруутга.

“Хэрвээ зоригоо чангалан холыг зориогүй бол бэтгэртлээ санаж суугаа үр чинь хоолоор дутуу, жил жилийн Цагаан сарын идээ будаанаасаа “хүүгийн минь хишиг” хэмээн хадгалж байгаа аав ээж тань бэлээр гуцуу явах байсан” Тиймээ ерөнхий сайд аа энэ үг чинь харин үнэн.

1 Сэтгэгдэл:

movie said...

нуур удахгүй амгалан болноо шувуунуудаа буцаж ирээч гэж хэлж суухаар нуураа амгалан болгочихвол хэлсэн хэлээгүй урьсан уриагүй шувууд нутаг буцна

Дагах