Метрополис хотод метро л хэрэгтэй байна

Нийслэл маань хэдийн сая гарсан иргэнтэй их хот болсон ч анхнаасаа нэг сая хүн,100000 мянган машинтай байхаар төлөвлөгдөөгүй нь харамсалтай. Тиймээс л бид өглөө бүр хөлдөж үхэх дөхөн хүлээж байж, салж унах гэж байгаа автобусандаа чихэж аваад, ууртай кондуктарт аашлуулан, өөр хоорондоо зодолдох шахам явдаг. Энэ бүхэн дэргэд нь юу ч биш хамгийн том гамшиг бол алтан цагийг минь даанч их хулгайлж байгаа замын түгжрэл гэгч.
Их хотдоо эзний ёсоор амьдрахын тулд эдгээр асуудлуудыг юун түрүүнд шийдэх цаг болжээ. Гэвч яаж?

Нэгэнт бий болсон хүмүүсийн бөөгнөрөл, хотын төвлөрөлийг бид одоо яаж ч чадахгүй. Ямар 500000 иргэнтэй байх ёстой гээд бие биенийгээ хажиглаад суултай биш. Дэлхийн ямар ч хотууд энэ асуудлыг тойрч биш дайрч л гарсан байдаг. Биднээс ялгаатай нь тэд нэлээд эрт ухаараад асуудлыг шийдчихсэн байх юм.

Нийтийн тээврийн энэ олон асуудлыг нэг мөсөн шийдэхийн тулд бусад хотуудад жишиг болсон “Метро” хэмээх унаа бидэнд хэрэгтэй байна. Нүхэн замын энэ тээврийн хэрэгсэл анх 1868 онд Лондон хотод бий болжээ. Тухайн үедээ Английн нийслэл яг л өнөөдрийн Улаанбаатар шиг давчуу гудамжинд хаа сайгүй морин тэрэг, дугуйтай хүмүүс бөглөрсөн хот байв. Шинэ тээврийн хэрэгсэл нь өнөөгийн хөгжингүй Лондон бий болох гол үндэс болсон аж.

Метро гэхээр л хүмүүс хот орон нүүлгээд газар шороо ухаад нэг их сүлжилдсэн зам тавиад, зогсоол тунелүүдийг барих нөр их ажил болно. Гэтэл тэр их мөнгийг хаанаас олох юм бол? гэж бодож болох юм. Гэхдээ бидэнд зайлшгүй хийх ёстой зүйл гэж байдаг. Ер нь тэгээд манай хотын буруу дэд бүтэц зарим нэг талаараа ашигтай байдал үүсгэдэг талаар “Метро” төслийг санаачлагчид аль хэдийн ярьж эхэлсэн. Улаанбаатар шиг урт нарийхан хотод нэг захаас нөгөө зах хүртэл ганц шулуун Метроны шугам байхад л өнөөдрийн бидний үй олон асуудлыг нэг дор шийдэж болох аж. “Таван шараас Амгалан хүртэлх замыг Метрожуулчих юм бол бид хотын аль ч захаас төв орохын тулд найман минутыг л зарцуулна”гэж төслийг санаачлагч Г.Ганхүү ярьж байсныг санаж байна. Харин өнөөгийн нийтийн тээврээр бид таван шараас амгалан хүртэлх замыг туулах гэвэл нэг цагаас лав илүү гарна гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа.

Яг энэ чиглэлд Метротой болчихвол төв замуудаар том жижиг оврын автобус, тролейбусууд явах шаардлагагүй болж энэ хэсгийн ачаалал мэдэгдхүйц багасна. Мэдээж үүнийг даган хотын өнгө үзэмж дээрдэж, осол аваар ч цөөрч болох юм. Дэлхийн томоохон хотуудад нэг чиглэлийн автобус хоорондын зай таван минутаас нэг их хэтэрдэггүй, харин манай Толгойт, Зурагт, Зүүнсалаа чиглэлийн “хийморьтойд нь үзэгддэг чоно” аятай ховор автабусуудыг тав битгий хэл тавин минут хүлээх ч энүүхэнд.

Төв замаар явах шаардлагагүй болсон нийтийн тээврийхэн энэ мэт бусад чиглэлд дутагдаж байгаа орон зайг нөхөж болох шүү дээ. Ингэснээр манай нийслэл бусад хотуудын зам харилцааны зөв жишигт ойртоход том алхам болно.

Тиймээс нийслэлд маань эхний ээлжинд таван шараас амгалан хүртэл 20км зам тавихад метрополис хотын иргэд бид хамгийн дээд зэргээр цагаа хэмнэж, тохилог орчинд хүртээмжтэй унаагаар боловсон үйлчлүүлэх боломжтой болж байна. Нэг км метро барихад 10 сая ам доллар зарцуулдаг гэвэл 20 км метро барихад 200 сая ам доллар юун түрүүнд шаардлагатай болно. Нүхэн зам байгуулахдаа дан ганц улсын төсөвт найдалгүйгээр хувийн хэвшлийнхэнийг татан оролцуулж болдог бусад хотуудын туршлага ч байдаг юм билээ.
Тэгэхлээр шийдвэр гаргах түвшний хүмүүс юм л бол төсвийн хөрөнгийг халамжийн байгууллага шиг баруун солгойгүй цацаж, тараахын оронд энэ мэт бодит бүтээн байгуулалтын ажилд зарцуулах шаардлагатай болоод байна. Ямар ч замын түгжрэлгүй, ямар ч даргад зам тавьж өгөлгүй, ууртай кондукторын царай ширтэлгүй, биенийхээ хөл гар дээр гишгэж, хэрүүл уруул хийлгүйгээр өглөөг эхэлнэ гэдэг ямар их аз жаргал болохыг та бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Зам дагаж хөгжил гэдэг дээ.

1 Сэтгэгдэл:

Unknown said...

Миний мэдэхээр БНСУ-ын Сөүл хот 10 гаруй сая хүнтэй. Тэр олон хүний ихэнхи нь Метрогоор тээврийн асуудлаа шийддэг.Бас нэг юм нэмж хэлэхэд 20 км гэдэг ойролцоогоор 20 метроны буудал энэ зайг барагцаалвал 40 мин явж туулдаг(Буудал дээр зогсох хугацааг тооцсон болно).

Дагах