Мундагуудын хийдэг Монголын сэтгүүл зүйн тухай сурсан мэдсэнээр маруухан “шиноков” сэтгүүлчийн бодол

Монголын сэтгүүл зүй хүндээр “өвчилж”, гоц халдварт “нян” тээснийг “мундагууд” ч “мунхагууд” ч хэлэх болсон. Нэгэнт өвдөж хавдсан бол одоо анагааж, эдгээх цаг нь ирсэн л байх учиртай.

Интернэтээс эхлээд техник технологийн дэвшил энгийн хүний хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байхад захын нэг уншигч мань мэт шиг боловсорч гүйцээгүй сэтгүүлчдийн дэргэд хамаагүй “хүчирхэг” болж. Жаахан харамсалтай ч бяцхан алдааныхаа төлөө зүсэн зүйлээрээ хараалгаж, өнөөгийн Монголын сэтгүүл зүйн тухай, өнөөгийн Монголын сэтгүүлчдийн тухай оюутны ширээнд ч сонсож байгаагүй том лекц уншуулана гэдэг миний мэтийн “шинэков”-уудын хувьд энгийн үзэгдэл.

Мэдээж хариуцлагагүй бидэнд үг хаяж, дорд үзэх уншигчдаа буруутгах аргагүй юм л даа. Харин түүний оронд “мундаг” хүмүүст хааяа бяцхан гомдох юм. “...Аль ч сонины редакц мэргэжлийн гэж хэлж болох боловсон хүчний гамшигт нэрвэгдээд байгаа....” хэмээн нэг “том” сэтгүүлч бичсэн байна билээ. Үнэн үү гэвэл энэн шиг үнэн хаа ч байхгүй. Гэтэл яг араас нь бас нэг ийм баримт дэлгэсэн байна л даа. “…Монголд сэтгүүлч бэлтгэдэг 20 гаруй сургууль байдаг, жил бүр 400-500 "сэтгүүлчийг" "үйлдвэрлэж" байдаг ч тоотой хэдхэн редакцууд жинхэнэ боловсон хүчнээр хомсодсон хэвээр…” гэж. Яг үүнийг л хүн бүр монголын сэтгүүл зүйн нэр хүндийг шороотой хутгах гарцаагүй хүчин зүйл гэж үздэг. Үүнтэй маргах аргагүй юм. Тэр чанаргүй боловсон хүчнүүдийг зуу зуугаар нь үйлдвэрлэдэг “халтуурны” сургуулиудын “гавъяа” ч энд их.

Гэхдээ тэр чадваргүй сэхээтнүүдийн бэлтгэсэн чанаргүй сэтгүүлчид л монголын сэтгүүл зүйг өнгөлөх үү зүлгэх үү, уруудуулах уу унагах уу гэдгийг шийдэж байна гэдэг өөрөө хачирхалтай зүйл. Энэ бол зүгээр л Монголын сэтгүүл зүй ингэтлээ хүчээ алдаж, тамираа барсан байгааг харуулахгүй байна гэж үү? Хэн нэгэн мөнгөтэй, мэдэлтэй эрхмийн эрх ашгаас ангид байж, үзэл бодол, байр суурин дээрээ баттай зогсон, зөв зүйтэй гэж бодсоны үндсэн дээр үнэн шударга нэгдсэн нэг журам, зарчмаар ажиллаж, шинэ залуу үеэ тийн хүмүүжүүлж чадахгүй, дөнгөж оюутны ширээнээс гарсан залуу сэтгүүлчдийн буруу зөрүү үйлдлийн аясаар ганхаж, гуйвж, унан тусан, шараа болж байгаа нь тэднийг өлгийдөн авч байгаа монголын сэтгүүл зүй хийгээд түүнийг үйлдвэрлэгч туршлагатай сэтгүүлчдийн хариуцлагагүйнх.

Битгий өөрийнхөө бурууг өрөөлөөс эр гэх хүн байж болох л доо. Өөрийнхөө алдааг өрөөлөөс хайх шиг муухай зүйл хаана байхав. Гэхдээ л “...Өнөөдөр нийтлэлийн чанар хэмээх ойлголт тоогоор, чанартай сэтгүүл зүй чанаргүй буюу шар сэтгүүл зүйгээр, хариуцлагатай сэтгүүл зүй хариуцлагагүй сэтгүүл зүйгээр, ёс зүйтэй сэтгүүлч ёс зүйгүй сэтгүүлчээр, саарал магтаал хов жив, гүжир гүтгэлгээр, бодит мэдээлэл сенсаац, туйлшралаар, гэгээтэй гэрэлтэй нийтлэл, нэвтрүүлэг захиалгат материалаар, ур чадвар сэтгэлийн хөөрөл, сэтгэхүйн ядуурлаар солигдож, ХМХ болгон, сэтгүүлч бүр олон нийтийн сэтгэхүйгээр тоглож, мэдээлэл болгоныг зоосны нүхээр, ашиг орлогын хэмжүүрээр хардаг болов. Сэтгүүлчид тулга тойрсон хэдэн сэдвийн хүрээнд эргэлдэж, аар саар аахар шаахар зүйлийн араас хөөцөлдөж, бичлэгийн нэг л өнгө аяс хэв загварт баригдан, хэмжээ нь жижиг бол мэдээ гэж, асуулт хариулт орсон бол ярилцлага гэж, бичлэгийн төрлүүдийг хольж хутгасан бол эргэцүүлэл хэмээн андуурч, бичлэгийн хэдэн зүйлийн хүрээнээс хальж чадахаа байсан нь заримдаа “галзуу хүний тэмдэглэл” уншихад хүргэж байна...” гэдэг үгтэй санал нийлэхгүй байхын арга алга. Ийм л нөхцөл байдал бидний хэдэн “шинэков”-уудыг хүмүүжүүлж байна. Харамсалтай нь...

Мэдээж надад алдаа, дутагдал их бий. Гэхдээ би хэнийг харж засаж залруулахаа мэдэхгүй байна. Тиймээ даган дуурайж, үлгэрлэн жишээ авах хүн хангалттай олон биш байна гэвэл намайг хэтэрхий “том” зан гаргалаа гэх байх.
Басхүү надаас хавьгүй ухаантай уншигчдын бодит мэдээлэл хүртэх гэдэг ганцхан эрх ашигт тааруулж ажиллах ёстойгоо би хангалттай сайн сурсан. Гэтэл ядаж “хаана” хэрэгжүүлэхээ мэдэхгүй байна. Магад бас миний л алдаа байх...

2 Сэтгэгдэл:

Anonymous said...

сэтгүүл зүй хамгийн халаас хоосон,хамгийн толгой хоосон салбар болоод байна даа.сэтгүүлч бэлтгэж буй тогтолцоо ч буруу байгаа.

SaShKa . said...

yuni umnu chinii blog nice shuu amjilt mun http://zuruud.blogspot.com/feeds/posts/default enuuger 1 orod garaarai :D

Дагах